АРХАНГАЙ: Хушин ойд эргүүл хяналт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-22 10:36:16

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд иргэд ашиг орлого олох зорилгоор хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь зориулалтын бус аргаар түүх, модыг түншиж /муна/ самрыг унагаадгаас шалтгаалан давирхай нь гоожин шим, шүлтээ алдаж, үхжилт явагдах, ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж, амьдрах чадвараа 70 гаруй хувиар алдаж байгааг эрдэм шинжилгээний байгууллагууд нотлоод байна.

 

Аймгийн БОАЖГ-аас Ойн дагалт баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглуулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар албан даалгаврыг гаргуулж, хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, аймгийн Цагдаагийн газар, Ойн ангиуд, сумдын ЗДТГ, Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран хушин ой бүхий нутаг дэвсгэрийг хамруулан хууль бусаар самар түүж буй иргэд, отгийг илрүүлж, ойгоос буулгах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх хяналт шалгалтын ажлыг 8 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 200 гаруй удаа зохион байгуулж ажилласан байна.   

           

Аймгийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны байдлаар Ойн тухай хууль болон Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмыг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны боргоцой түүж бэлтгэсэн 25 иргэнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Холбоотой мэдээ