БАЯНХОНГОР: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгорт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийг аймгийн Баганат талбайд хүндэт харуулын жагсаал, аймгийн удирдлагууд угтан авч, бүтээн байгуулалтын зарим ажлаа танилцууллаа. Дулааны станцын барилга, Ингэний сүүний үйлдвэрийн байгууламжын ажлын явцыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албадын төлөөлөл газар дээр нь үзэж танилцав.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн Дулааны станц барих төсөл”-ийн Баянхонгор аймгийн төвийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлсэн.
Нийтдээ 26 сар үргэлжлэх тус төсөл 2023 онд Дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралт, нэгдүгээр хэлхээний шугам сүлжээний суурилуулалтын ажлуудыг хийх бөгөөд 2024 оны зургадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Төслийн хүрээнд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг Дулааны станц, 8 дулаан дамжуулах төв, 6.6 км дулааны шугам сүлжээний ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, түүний туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК-иуд ажиллаж байна.
Ажлын багийнхан Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд өрнөж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа.
Ингэний сүүний үйлдвэр байгуулах ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа бол Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны 12 дугаар сард дуусна гэдгийг аймгийн удирдлагууд танилцуулав.
Аймгийн ИТХ-ын 2021 оны гуравдугаар хуралдаанаар “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ыг байгуулан, “Баянхонгор аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах” зорилгод нэгдэн ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү.
"Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ нь Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 3713 м.кв газар авч, 409 м.кв бүхий ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулаад байна. Үйлдвэр хоногт 4 тонн сүүг хатаах хүчин чадалтай, сүүний олдоц сайн үед тоог дахин нэмэгдүүлж, өдөрт 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой аж.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа (хоёр ээлжээр) ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх бөгөөд аймаг орон нутагт төвлөрөх татварын болон бусад ашиг орлого нэмэгдэх юм. Тэмээ бүхий малчин өрхүүдийн орлого нэмэгдэн аймгийн төв, тэмээ бүхий сумдад байнгын ажлын байр бий болж, Баянхонгор аймгийн тэмээн сүргийн тоо толгой өсөж, таваарлаг чанар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.
Одоо дээрх ажлын хүрээнд ингэний 30-40 ферм байгуулах шаардлагатай байгаа бөгөөд тус ажлыг дэмжин ажиллаж өгөхийг аймгийн удирдлага Ерөнхий сайдаас хүсч байв.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар зэрэг Засгийн газрын гишүүд энэ өдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрт аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж байна.