СЭЛЭНГЭ: Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий виртуал музейн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-22 10:36:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Музейг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан виртуал болгох ажил эхэллээ.

 

Тус ажлыг гардан гүйцэтгэх багийн гишүүн МУИС-ийн профессор А.Энхбаяр ийн ярилаа.

 

-Тэрбээр, “Залуучууд технологийн дэвшил ашиглаад уншихаасаа илүү технологийн дэвшилтэт хэлбэрээр илүү хурдан хугацаанд, илүү ойлгомжтой хэлбэрээр, илүү их мэдээлэл авах сонирхолтой болж. Иймээс энэ сонирхол дээр түшиглээд виртуал, виар гэсэн технологийг ашиглаад контент бэлтгэн ашиглаж байна.

 

Бид үүгээрээ Монголын орчин үеийн түүх өөрөөр хэлбэл 1921 оны ардын хувьсгалын түүх энэ нутгаас эхэлж байгаа. Энэ түүх ямар ач холбогдолтой, залуусын амьдарч байгаа эрх чөлөө, тусгаар тогтнол ямар үнэ цэнээр олдсон юм. Энэ үнэ цэнийг олохын төлөө бидний өвөг дээдэс ямар их цус урсгаж тэмцэж ирсэн юм гэдгийг арай шинэлэг хэлбэрээр харуулъя гэж бодсон.

 

Үүнийг хийхийн тулд бид зохиолоо бичнэ, судалгаа хийнэ. Программаа гаргана, компьютерт хийнэ, төхөөрөмждөө суулгана. Нэлээд цаг хугацаа шаардсан ажил болох болов уу.

Мөн музейн хамт олонтой хамтарч ажиллана. Энэ ажил маань хамтын хүчээр хэрэгжинэ” хэмээв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагын зүгээс Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн Музейн үйл ажиллагааг танилцуулж, виртуал болгох хүсэлтээ илэрхийлсэн байсан. Өнөөдөр энэхүү ажил биеллээ олж байна.

 

Тус музей 3200 гаруй үзмэртэй, үүнээс 1600 орчим нь Ардын хувьсгалын түүхтэй холбоотой уран баримал, уран зураг болон биет үзмэрүүд байгаа аж.

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей нь Монгол Улсад байдаг музейн зориулалттай барьсан цөөхөн музейн нэг гэдгээрээ онцлогтой.

 

Тус музейд монгол нутагт хүн амьдарч байсныг гэрчлэх эртний хүний яс, Хүннүгийн үеийн булш, арслан заан, зэрлэг үхэр, савагт хирсийн яс, чулуужсан мод, чулуун болон хүрэл зэвсэг, 13-р зууны үеийн монгол цэргийн дуулга, илд бамбай, зэр зэвсэг, хөө хуяг, Н.Цүлтэм, Г.Одон, Ю.Дорж, Ц.Жамсран, С.Рэнцэн, Д.Амгалан, С.Дондог, Г.Дунбүрээ, Б.Гомбосүрэн, Б.Батсүх, Б.Баясгалан, Г.Баяраа, Б.Балдан, Ж.Нямсүрэн, Б.Балдорж, Л.Махбал, М.Бүтэмж зэрэг Монголын нэрт зураач, уран барималчдын Ардын хувьсгалын сэдэвт уран зураг, уран баримал, шигтгэмэл зургийн бүтээлүүд бий.  

 

Мөн жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Бумцэнд тэргүүтэй Ардын хувьсгалд оролцсон партизануудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, малгай, дээл, хантааз, гутал хувцас, ширээ, сандал, бичгийн хэрэглэл, зэвсэг, эд хэрэглэл ч хадгалагдан байгаа.

 

Түүнчлэн Ардын хувьсгалын ялалтын тухай түүхэн зургууд, мөн дөрвөлжин сүмийн үүднээс галлаж байсан максим пулемёт, жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын болон ардын хувьсгалын ялалтад гарамгай үүрэгтэй оролцсон дөрвөн хороон даргын хэрэглэж явсан эд зүйлс зэрэг нь үзмэрүүд гол байр суурийг эзэлж байна.

Холбоотой мэдээ