ДАРХАН-УУЛ: Э.Энхсайхан биатлоны төрөлд түүхэн амжилт тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-21 08:24:58

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн БТСГ-ын тамирчин, ОУХМ Энхбатын Энхсайхан биатлоны төрөлд алтан медаль хүртэж, Монголын биатлоны спортын түүхэн амжилтын эзэн болжээ.


Бүгд Найрамдах Казахстан Улсын Щучинск хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах биатлоны зуны залуучуудын 7.5 километрийн супер спринт төрөлд алтан медаль хүртэж, Азийн аварга болсон байна.




Мөн тус тэмцээний залуучуудын 12.5 километрийн ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ зайд 25 тамирчин өрсөлдсөн аж.




Азийн аварга болсон Э.Энхсайханыг өнөөдөр түүний багш дасгалжуулагч, спортын мастер Б.Ховор-Эрдэнэ болон Х.Батбаяр даргатай аймгийн БТСГ-ын хамт олон хүлээн авч талархал илэрхийллээ.




Түүний хувьд 2018 оноос эхлэн биатлоны спортоор хичээллэж эхэлсэн аж. Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ өнгөрсөн гуравдугаар сараас зургаадугаар сарын сүүлч хүртэл ХБНГУ-д, 7-9 дүгээр сар хүртэл Бүгд Найрамдах Казахстан Улсад бэлтгэл сургуулиа хийсэн байна.


Азийн аварга шалгаруулах тэмцээнд таван орны 200 гаруй тамирчин оролцсон бөгөөд хурд хүч, тэсвэр, хатуужил, ширүүн өрсөлдөөн дунд түүхэн амжилтын эзэн болсондоо баяртай байна гэлээ. Түүний цаашдын зорилго олимпод оролцох хүсэлтэй бөгөөд бэлтгэл сургуулиа сайн хийж, илүү их амжилт үзүүлэн, улсынхаа далбааг олимпын тэнгэрт мандуулахын төлөө зорьж байна гэв.

 

Холбоотой мэдээ