“Зуунмод” ДЦС-ын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-19 15:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.


Тус сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж дуулгав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учир усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөсөн ч бассейны зургийг тусгаагүй орхисон. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэжээ.


Дараа нь Ерөнхий сайд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн ДЦС барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод барьж байгаа 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ ажлыг 2022 оны 8 дугаар сарын 29-нд эхлүүлсэн, одоогоор 26 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэллээ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ.


Шинэ ДЦС ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч, хэрэглээний халуун устай болох юм. Түүнчлэн шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээ 40 гаруй хувь, үнсийг 25 хувь хүртэл буурах юм.



Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанд “Зуунмод” ДЦС-ын талаар дэлгэрэнгүй танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт барьж буй ДЦС-аас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна. Барилгын зураг төсөл нь магадлалд ороогүй төсөлд санхүүжилт өгөхгүй байх, зөвхөн баталгаажсан зураг төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээ хэллээ.

Холбоотой мэдээ