Азийн наадам дөрөв хоногийн дараа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-19 12:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Азийн наадмыг хамгийн анх 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотод хийж байсан түүхтэй. Энэ үеэс одоог хүртэл Азийн наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл байдаг нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт, усны поло юм.


БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын багийнхан тамирчдын тосгондоо цугласаар байна.


Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу-2022” Азийн наадмын тамирчдын тосгонд болжээ.


Энэ үеэр Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу-2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1000 гаруй сайн дурын ажилтан нийт баг тамирчдыг тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тухайн тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүссэн байна.

 

Харин Монголын багийн ахлагч А.Ганбаатар БНХАУ-ын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон, өндөр амжилт гаргахыг зорьж байгаагаа хэлжээ.

 

Өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна.

 

"Ханжоу-2022" Азийн наадамд зохион байгуулагч орон болох БНХАУ-ын шигшээ 886 тамирчинтай оролцох бол Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу 403 тамирчин ур чадвараа сорих юм.

Холбоотой мэдээ