СЭЛЭНГЭ: Ерөнхий сайд тариаланчдын саналыг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллахдаа тариалангийн талбайг
хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжлээ.
Тус аймаг үр тарианы 42 хувь, төмсний 18 хувь, хүнсний ногооны 30 хувийг
дангаараа хангадаг.
Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Зүүнбүрэн сумын “Гэгээлэг трейд”, Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн
ургацын талбайгаар зочилж, ургац хураалтын үйл явц, тариаланчдын ажил үйлстэй танилцаад
тэдний төлөөлөлтэй уулзаж, санал
солилцсон юм.
Тариаланчдын тухайд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй газар тариаланг дэмжих 6 хувийн хөнгөлөлттэй зээл, хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлтийг аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа нь бодит дэмжлэг болж байгаад талархал илэрхийлж байв.
Мөн тариалангийн талбайд
мал оруулахгүй хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төрийн зүгээс
дэмжлэг үзүүлж, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн
уялдаа холбоог сайжруулах асуудал дээр онцгой анхаарч өгөх хүсэлтийг хүлээж авсан юм.