АРХАНГАЙ: Ихтамир, Өндөр-Улаан сум дахь буган хөшөөдийг дэлхийн өвд бүртгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-18 10:14:29
Өндөр-Улаан сумын Жаргалантын амны буган хөшөөд

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Саудын Арабын Хаант Улсад болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.


Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулсан, нандин, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.


Үүний дотор Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны хөндий, Өндөр-Улаан сумын Жаргалантын амны буган чулууны дурсгалт газруудыг ийнхүү дэлхийн өвд бүртгэжээ.


-Ихтамир сумын Бугат багийн нутаг Баянцагааны голын хөндийн зүүн биенд хэсэг булшны дунд уг хөшөөний орой цухуйж байсныг малтаж үзэхэд 4.04 м өндөр, 0.51 м өргөн, 0.41 м зузаан хэмжээтэй эвдэж сүйдээгүй, эрт цагт унасан буган хөшөө байжээ. Энэ хөшөө булаастай байсан тул урьд өмнө шинжигдээгүй болох нь тодорхой.


Хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт том жижиг хоёр цагираг (нар, cap) түүний доогуур хөшөөг тойруулан нэгэн эгнээ олон хонхор гаргаж, хөшөөний дунд хэсгээр ороолгон долоон бугыг загварчлан дүрсэлжээ. Бугуудын доогуур хөшөөг тойруулан 38 см өргөн бүс хонхойлон цохиж гаргаад бүснээс дүүжилсэн байдалтай нум сум, саадаг, байлдааны зээтүү мэт зэвсэг (түүн дээр долоо ба 31 дөрвөлжин хонхор гаргаж), чинжал хутга, бамбай зэргийг дүрсэлжээ. Бүснээс доош дөрвөн морь цохиж дүрсэлсэн байв.


/Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн Буган чулуун хөшөө, Хиргисүүр/


-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн Буган чулуун хөшөө, Хиргисүүрийн цогцолбор бүхий түүхийн дурсгал нь түүхийн он тооллыг 2000 гаруй жилээр урагшлуулж буйг судлаачид хэлдэг. Археологич, түүх судлаач, эрдэмтэд буган хөшөөд, тахилгын газрын олдворын эд өлгийн зүйлсийн шинжилгээний дүн Хүннү гүрнээс 2000-аад жилийн тэртээ он цагт хамаарагдахыг тогтоосон байна.


Энэ нь монголчуудын түүхийг улам батжуулж баяжуулах гэрэлт ирээдүйг харуулж байгаа аж. Жаргалантын амны цогцолбор дурсгалыг 1960-аад оноос судалж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар хоёр өөр цаг үед холбогдох хоёр төрлийн нийт 660 гаруй тахилгын байгууламж, олон тооны дагуул бүхий хиргисүүр, 30 гаруй буган хөшөө байгаа нь тогтоогджээ. Буган хөшөөдийн дүрслэл нь маш уран нарийн хийцтэй, буга, согоо, эрээн бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн гоёмсог дүрсүүд бий. Хэмжээний хувьд 1-3.89 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0.5-4 тн хүртэл жинтэй асар том хөшөөд юм.

Холбоотой мэдээ