“Нүүдэлчдийн соёл сэтгэлгээ мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өнөөдөр болж буй “Нүүдэлчдийн соёл сэтгэлгээ мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ,
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа!
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Монголын театрын урлагийн салбарт тогтмол үйл ажиллагаа явуулж, дотоод гадаадын уран бүтээлчид эвлэлдэн нэгдэх, харилцан туршлага хуваалцах, хамтдаа хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж “Нүүдэлчдийн соёл сэтгэлгээ, мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, гүн талархал илэрхийлье.
Гэгээн Муза академи үйл ажиллагаандаа үндэстнийхээ өв соёлыг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, өв соёлоо судлан баримтжуулж, ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудтай мэдлэг, туршлагаа солилцох зорилгоор энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад баяртай байна.
Бидний зүрх сэтгэл, итгэл найдвар, мөрөөдөл тэмүүллийг нэгэн зүгт зангиддаг эрхэм зүйлсийн нэгэн бол өв соёл мөн. Далай их дээдсийн өвлөн уламжлуулсан үнэт эрдэнэс-өв соёлоо судлан шинжилж, шинэчлэн баяжуулж, түгээн дэлгэрүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг билээ.
Он цагийн хуудсыг урагшлуулан судлах тусам бидний соёлын өвийн улбаа улам тодорч монгол үндэстний оюуны чадавхыг харуулсан баримт олон байдаг. Тухайлбал, энэ онд Монголын үндэсний театрын үндсийг тавьсан, нэрт соён гэгээрүүлэгч, Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байна.
Тэрээр хутагт, шашны нэрт зүтгэлтний зэрэгцээ яруу найрагч, хөгжмийн болоод жүжгийн зохиолч, найруулагч, зураач хүн байсныг Та бүхэн мэднэ. Түүний зохиосон олон зуун бүтээлүүд дундаас жүжгийн зохиолууд нь өнөө ч эрдэмтэн судлаачдын судалгааны эх сурвалж болсоор байна.
Д.Данзанравжаа хутагт 1830-аад оны эхээр Алшаад очин Миларайба тэргүүтний намтрыг сонсож ирээд Хамрын хийдэд жүжиг тоглох зориулалт бүхий “Намтар дуулах дацан”-г бариулж, “Саран Хөхөөний намтар”-ыг найруулан тоглуулж байсан нь тун нарийн бүтэц зохион байгуулалттай, театрын гол онцлог шинжүүдийг агуулсан байжээ.
Тэрээр “Саран хөхөө” дуулалт жүжгээ олон нутаг хошуудаар нүүдэллэн тавихдаа өөрийн гэсэн дэг, жаяг, горимыг бий болгосон нь Монголын үндэсний театрын эхлэл болж, улмаар мэргэжлийн театр хөгжих үндэс суурийг тавьжээ.
Ойрх түүхээс үзвэл, өнгөрсөн XX зууны эхний хагасаас эхлэн манай ахмад уран бүтээлчид, сэтгэгчид тухайн үеийн дэвшилтэт улс орнуудад сурахаар одож, эргэн ирэхдээ Орос, Герман зэрэг орнуудын дэг сургуулиудыг эх орондоо нутагшуулсан нь өнөөдрийн манай тайз дэлгэцийн урлагийн өнгийг тодорхойлж байна.
Даяаршлын давлагаан дунд дэлхийн улс орнууд өөр өөрсдийн өнгө төрхтэй урлаг соёлоороо үндэсний онцлогоо бүрдүүлэхээр эрмэлзэж буй энэ үед нүүдлийн соёл иргэншилтэй улс орнуудад мэргэжлийн театр үүсэж хөгжихөд үндэсний соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээний гүйцэтгэсэн үүргийг судлан баримтжуулахаар зорьж байгаа нь сайшаалтай явдал мөн.
Иймд тус олон улсын хурлыг зохион байгуулагч, оролцогч, эрдэмтэн судлаач Та бүхэнд дахин талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.