СЭЛЭНГЭ: “Илүү их уншъя” уриатай “Номын баяр -2023” өргөн дэлгэр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-14 21:23:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс орон даяар зохион байгуулж буй "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" номын баярыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Энэхүү баярын үйл ажиллагаа нь хүүхдийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго дор аймгийн төв “Партизаны талбай”-д өргөн дэлгэр боллоо.

 

Баярын үеэр “Номын баяр” сэдэвт гар зургийн уралдаан болж 1-3, 4-6, 7-9, 10-12 дугаар анги гэсэн ангиллаар зохион байгууллаа. Мөн “Open mic” арга хэмжээ болж хүүхэд залуус сайн дураараа шүлэг зохиол, дуу, бүжиг уран бүтээлээ чөлөөтэй хүргэлээ. Мөн задгай номын сан буюу Нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимын үйлчилгээгээр монгол наадгай тоглоом, эвлүүлдэг тоглоом, хөлөгт тоглоом, танин мэдэхүйн тоглоом, зурагт номтой уншлага зохион байгууллаа.

 

Мөн баярын үйл ажиллагааны үеэр номын худалдаа болж, Монгол шуудан- Internom номын дэлгүүр оролцлоо.

Түүнчлэн ховор ном судар, Сэлэнгийн зохиолчдын номын үзэсгэлэн гаргаж танилцууллаа. “Оньсон өртөө” ардын аман зохиолын үйл ажиллагаанд 6 дугаар сургуулийн 3 дугаар ангийн баг тэргүүллээ.

 

Номын баярын үйл ажиллагааг нээж яруу найрагч М.Болортунгалаг "Сувдан нулимс" шүлэг өгүүллэгийн анхны түүврээ өргөн барилаа.

 

С.Шинэчимэг: Манай хүүхдүүд харьцангуй номын баяраа хүлээдэг, өргөнөөр оролцдог болжээ

 

Энэхүү баярын үйл ажиллааг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар аймгийн Нийтийн номын сангийн дарга С.Шинэчимэгтэй ярилцлаа.

 

-Энэ удаагийн номын баярын онцлог хийгээд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж буй талаараа хуваалцахгүй юу?

-Маргааш манай аймагт Монгол Улсын Ерөнхий сайд айлчлах гэж буйтай холбогдуулан наашлуулан өнөөдөр тэмдэглэж байна. Манайх номын баяраа өөр өөр сонирхолтой хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьдог. Энэ удаагийн номын баяраа өртөөчилж, номын хотхон  маягаар зохион байгуулж байна.


Тухайлбал опен мик, гар зургийн уралдаан, номын хотхон, задгай номын сан, номын худалдаа гэх зэрэг өртөөнүүдтэй. Задгай номын санд хүүхдүүд, эцэг эхийн хамт ном уншиж болно. Хүүхдүүд монгол наадгайгаар наадаж болно. Мөн аймгийн Хүүхдийн зөвлөлөөс оролцож байгаа хүүхдүүдээс сэтгэлийн үгийг нь цуглуулж, үгийг нь дэмжиж гарын үсэг цуглуулах ажил хийж байна.


Аймгийн зохиолчид маань хүрэлцэн ирж, хүүхдүүдэд өөрсдийн номоо танилцуулж, зохиолч болох хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, уулзалт хийх, сургаал хайрлах үйл ажиллагаа боллоо. Мөн аймгийн Номын сан дээр явагдаж байгаа уран бүтээлч хүүхдүүд нэхмэл, шүрэн урлалаар бүтээл хийж байна. Түүнийгээ өөр бусад сонирхолтой хүүхдүүдэд зааж өгч, хийсэн зүйлийг нь өөрсдөд нь дурсгал болгон хадгалж үлдэх ажлыг бас нэг өртөө хийж байна.


-Номын баяраар ямар үр дүн харагддаг вэ? Зүгээр нэг тэмдэглээд өнгөрөх биш. Ямар нэгэн зүйл үлддэг болов уу?

-Номын баярын дараа номд хандах хандлага улам л өргөжөөд байдаг. Хэдийгээр төсөв мөнгө бага байдаг ч гэсэн бид номын баяраа аль болох өргөн хүрээнд, олныг хамруулж, өөрсдийн хүчин чадлаар хийхийг хичээдэг. Үүний дараа номыг таньж мэддэг, хайрладаг, уншдаг, ойлгодог хүмүүсийн тоо улам л нэмэгддэг. Эндээс харахад номын сангийн чиг хандлага бас өөрчлөгдөж байна. Хүүхдүүдэд илүү нээлттэй болж байна.

Энэ удаагийн номын баяраа бид илүү хүүхдүүд рүү анхаарч, тэдэнд чиглүүлсэн байдлаар явуулж байгаа.

 

Хүн багаасаа л ном уншиж хэвших юм бол насан туршдаа л уншигч болж төлөвшдөг. 18-25 наснаас хойш уншигч болох тохиолдол их ховор байдаг. Тийм учраас багаасаа номтой нөхөрлөөд уншаад хэвшчих юм бол манай улсын нийгэмд ч хүртэл өөрчлөлт авч ирнэ гэж боддог. Хүмүүсийн хандлага ч өөрчлөгддөг ийм чухал зүйл байдаг.

 

Номын уншигч болгох ажил ганц хоёр жил хийгээд болдог асуудал биш. 10-20 жилийн дараа хүмүүсийн хандлага өөрчлөгддөг. Иймээс энэ ажлыг бага гэлтгүй байнга зохион байгуулах нь чухал гэж номын санчид бидний зүгээс үздэг учраас байнга өөр өөр хэлбэрээр зохион байгуулж байгаа.

 

-Хүмүүс ямар зохиолыг шимтэн уншиж байна. Ном унших хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу?

-Ер нь хүмүүсийн ном унших хандлага сонирхол байнга өөрчлөгдөөд байдаг юм байна. Саяхан 2-3 жилийн өмнө гадаадын зохиолчдын бичсэн орчуулгын номыг их уншдаг байлаа. Одоо сүүлийн үеийн хүмүүс Монголынхоо зохиолчдын бичсэн номыг унших сонирхол ихтэй болсон байна.


Манай Монголын зохиолчид их сонирхолтой бүтээл бичээд л байх юм бол манай уншигчид их өргөжөөд л байна гэж харсан.


Яг одоо Баярхүү, Шүүдэрцэцэг, Сарантуяа, Эмүүжин нарын номыг уншдаг уншигчид их байна. Дараагийнх нь ном гарч байна уу гэж их сураглаж ирдэг.


Мөн одоо хүүхдүүд өв уламжлал руугаа их сонирхдог болсон байна. тухайлбал оньсого таах, зүйр цэцэн үг цээжлэх гэх мэт. Өнөөдөр энд оньсого хотхон нээсэн. Таасан нь дараагийн өртөө рүүгээ явах гэх аялж байгаа.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ