Богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 10:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХУД-ийн Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа богиносож, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болоод байна.


Автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут болжээ.


Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдгийн 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигч эзэлдэг байна. Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмжээ. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд 5 автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргажээ. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлийг үе шаттай нэмэх аж. 

Холбоотой мэдээ