Улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 15:02:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны хэрэгцээний 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэнийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.


Урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн  тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ хураан авах боломжтой төлөв гарчээ. 


Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 79 мянган тонн буюу 19, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4, жимс, жимсгэнэ 1 мянган тонн буюу 25 хувиар өсөхөөр байна. Улаанбуудайн үр технологийн шинэчлэл хийсний дүнд нэгжийн ургац өнгөрсөн оныхтой харьцуулахад 3.9 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэж, чанарын дэвшил гарчээ. Нэгжийн ургац сүүлийн арван жилийн үзүүлэлтээр хамгийн өндөр байгаа юм.


Хүнсний ногооны борлуулалтад урамшуулал олгох, үрийн дэмжлэг, техникийн хөнгөлөлт үзүүлсний үр дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 18.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ