СЭЛЭНГЭ: Түрээслэнгээ байртай болох боломж Сэлэнгэ аймагт бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-12 16:36:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй түрээслэнгээ байртай болох хөтөлбөр Сэлэнгэ аймагт хэрэгжиж эхэллээ.

 

Аймгийн төв Сүхбаатар сумын 7-р багт байрлалтай 2 блок бүхий 19 айлын орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж, 336 айлын орон сууц бүхий "Сүлд" хотхон байгуулах бүтээн байгуулалт энэ сарын 10-ны өдөр шаваа тавилаа.

 

Тус нээлтийн үеэр гүйцэтгэгч компанийн зүгээс энэ өдөр байр захиалах иргэдэд 1 м.кв тутамд 200.000 төгрөгийн урамшуулал олгож байлаа. Мөн зөвхөн нээлтийн өдөр захиалсан иргэд компанийн хүүгүй зээлд хамрагдаж, 1 м.кв-ийг 2.300.000, мөн 100 хувь бэлэн төлөлтөд 1 м.кв-ийг 1.700.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж байлаа.

 

Захиалагчдын зүгээс урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдсэн төлбөрөө 60 сарын хугацаатай компанийн хүүгүй, хувь лизингид хамрагдах боломжтой гэдгээрээ давуу байв. Учир нь банкны өндөр хүү төлж, байрны мөнгөө дахин нугалж төлөхгүй байдал нь иргэдэд давуу боломжийг олгож байгаа юм.

 

Энэхүү Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах 3, 4 дүгээр 8 айлын 2 давхар орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж, “Сүлд” хотхон барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг “Колорс теч” ХХК гүйцэтгэхээр ийн ажлаа эхлүүллээ.

 

Ингээд тус үйл ажиллагааны үеэр хийсэн сурвалжилгаа хүргэе.

Тус хотхоны байруудын өрөөний зохион байгуулалтыг орчин үеийн байдлаар маш нарийн төлөвлөж өгсөн учраас ямар нэг ашиггүй талбай огт байхгүй гэдгээрээ онцлог гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Мөн орон сууцны орц нь 24 цагийн тогтмол ажиллагаатай, технологийн дуу чимээ багатай, өндөр хурд бүхий орчин үеийн тохилог хос цахилгаан шаттай байх аж.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: Төрийн зүгээс буулгалтын зардлыг даана

-Дахин төлөвлөлтийн ажлыг маш шуурхай шийдэж эхлүүллээ. Энэ ажлын явц, үр дүнгийн талаар тодруулна уу?

-Барилга бол аз жаргалын бэлгэдэл байдаг. Хүн бүр сайхан сэтгэл агуулж, баяр хөөртэй шинэ байранд ордог. Манай аймаг бол стандарт хэрэгжүүлэгч аймаг болохын төлөө ажиллаж байгаа.


70 гаруй жилийн түүхтэй эдгээр барилгад нэлээд хүндрэлтэй асуудлууд үүссэн байсан. Энд нийтдээ 19 өрх айл амьдарч байгаа. Тэд маш хэцүү, байр нь дээрээсээ цоорсон, цэвэр бохир нь бөглөрсөн ийм нөхцөл байдалд амьдарч ирсэн. Энэ талаараа иргэд удаа дараа надад хүсэлт тавьж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганболд бас энэ асуудлын талаар маш их санал тавьж ирсэн.

 

Одоо Сүхбаатар суманд барьж байгаа 12 давхар, 75 айлын орон сууцыг барьж байгаа “Сүлд өргөө” компанийн залуус цаашид хамтарч ажиллая гэсэн хүсэлтээ бидэнд өгсөн.

Энд онцолж хэлэхэд хамгийн гол нь эдгээр залуус манай Сүхбаатар сумын унаган иргэд учраас би олзуурхан хүлээж авсан.

 

Энэ 2 компанийн залуус дахин төлөвлөлтийн ажлыг хамтын гэрээний үндсэн дээр эхлүүлээд байна. Энд амьдарч байгаа айлуудад яг одоо байгаа 1 м.кв-аар нь байрыг нь олгоё гэж шийдсэн.

Энд талууд тохиролцоонд шууд хүрэхэд маш хүндрэлтэй байсан. Иймээс 2022-2024 онд буулгах байруудын зардлыг аймгийн төсвөөс шийдвэрлэж өгөхөөр тохиролцоонд хүрсэн байгаа.

 

Үүний дагуу иргэдтэй уулзалт хийгээд энэ ажлыг шийдвэрлэлээ. Иргэдийн зүгээс 9 дүгээр сарын 10 гэхэд байраа суллаж өгнө гэсэн өнөөдөр бүгд суллаад өгсөн байна. Энэ суурин дээр 366 айлын 4 орон сууцны барилгыг эхэлнэ. Сүлд хотхоныг барьж байгаа Сэлэнгэ нутгийн залуустаа баярлалаа гэж хэлье.

 

-Энэ мэт дахин төлөвлөлтөд орох байрууд Сүхбаатар суманд олон байгаа шүү дээ. Бүгдийг нь цаашид дахин төлөвлөлтөд оруулаад явах уу?

-Цаашдаа Сүхбаатар сумын тухайд дахин төлөвлөлтөд орох тулгамдсан газрууд нэлээд их байгаа. Тухайлбал БАМ-ын, ПСМК гээд хүнд хүнд асуудлуудтай байрууд, оршин суугчид бий.

Гэхдээ өнөөдөр бид нэн түрүүнд дэд бүтцийн асуудлаа шийдэхгүй бол бусад асуудлыг шийдвэрлэхэд маш их хүндрэлтэй байгаа.

 

Өнөөдөр манай Сүхбаатар хотын цэвэр усны хоолой гэхэд өндөр насжилттай, 1989 оноос хойш солиогүй, дээр нь дулааны шугам сүлжээний асуудал хүндрэлтэй гээд хийх ажил их байна.

 

Иймээс аймгийн удирдлагын багийн зүгээс 2026 он гэхэд шинэ дулааны станцтай болох асуудлыг эхлүүлэхээр энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийхээр бэлтгэж байна. Энэ мэт бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд явж байна.

Өнөөдөр Сүхбаатарын иргэдээс энэ сумын хөгжил шалтгаална.

 

-Мэдээж барилгын ажлын явц, гэрээний заалт зөрчигдөх эсэхэд аймгийн зүгээс хяналт тавиад ажиллах болов уу?

-2024 оны 12 дугаар сар гэхэд эхний ээлжийн байрыг ашиглалтад өгнө. Энэ хугацаанд амьдрах байраа оршин суугчид өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн заалтыг гэрээнд тусгаад ажиллаж байгаа.


Иймээс энэ намартаа энэ барилгын тухайд сууриа тавиад явчих юм бол ирэх хавар дулаарахыг хүлээлтгүй дээшээ өрлөг рүүгээ ороод явах боломжтой юм. Ийм тохиролцоонд хүрээд өнөөдөр ажлаа эхлүүлж байна.


Гэрээнд тусгасны дагуу бид иргэдээ хохироохгүйн тулд аль болох шахаж ажиллана.

Гэрээнд нэг тусгасан зүйл бол хэрвээ ирэх оны 12 дугаар сард иргэдийг байранд нь оруулж чадахгүй бол байранд ортол нь сар бүр 500 мянган төгрөгийг компаниас эргүүлж төлнө гэсэн заалтаар тохирсон байгаа.

 

"Колорс Теч" ХХК-ийн ерөнхий захирал Г.Батбаатар: Чанартай, хугацаанд нь барих үүрэг бидэнд ирж байгаа

 

-Дахин төлөвлөлтийн ажлаа хөдөөд анх удаа эхлүүллээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Танай компани хотод Офицер хороолол барьсан, дахин төлөвлөлт хийсэн туршлагатай гэж сонслоо?

-Төрсөн нутагтаа анхны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Аймгийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, шийдвэрийг нь гаргаж, энэ ажлыг эхлүүлсэнд талархаж байна.

Манай компанийн зүгээс маш чанартай, хариуцлагатай хийж гүйцэтгэнэ гэдгээ амалъя.


Дахин төлөвлөлтийн ажил бол маш хүнд, хэцүү, хариуцлагатай ажил. Манай компани хотод Офицер хороолол ашиглалтад оруулсан туршлагатай. Улаанбаатар хотод барьж дуусаад айлууд нь орсон дээрх барилгын зураг төслийг тэр чигээр нь Сэлэнгэ аймагт буулгаад барьж байгаа.

 

-Энэ барилгынхаа онцлог чанар, материалын талаар тодруулна уу?

-Манай байр европ стандартын, Турк, ОХУ-ын өрөөний паар, сантехникийн тоноглол нь байшинг ус чийгээс бүрэн хамгаалж, ямар нэг зэв мөөгөнцрөөс хамгаалах чанартай. Мөн иргэдийн амьдрах аюулгүй, таатай нөхцөлийг бүрэн бүрдүүлж өгсөн гэдгээрээ давуу.

 

Тодруулбал 60 хувийн цутгамал төмөр бетон ханатай, 40 хувь хөнгөн блокон дүүргэлттэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй. Мөн давхар бүрдээ камертай, гараашдаа 30 машины дулаан зогсоол, тохилог явган зам, хүүхдийн тоглоомын талбай байгуулна.

 

Барилгын цонх гэхэд ОХУ-аас оруулж ирж байгаа. Айл бүр нэгдсэн тагтны хаалттай, барилгын чанарын стандартад нийцсэн, сайн чанарын паркетан шалтай гээд давуу чанар их бий.

 

-Эхний 12 давхар байрны бүтээн байгуулалт ид өрнөж байна. Одоо дахин төлөвлөлтийн барилгаа эхлэхээр шаваа тавилаа. Хүндрэл бэрхшээл юу байна?

 

-Хайрга дайргын асуудал хүнд байлаа. Дархан-Уул аймгаас зөөдөг учраас тээврийн зардал нэлээд нэмэгдэж байна. Сэлэнгэд барилгын материалын түгээмэл тархацтай орд, хайрга дайргын үйлдвэр байхгүй юм. Мөн тог цахилгаанаа ОХУ-аас авдаг юм байна. Иймээс Сэлэнгэд бүтээн байгуулалт ирдэггүй байх гэж би бодлоо. Хэрэгцээтэй зүйл зөндөө л гарч байна. Миний хувьд Сэлэнгэ нутгийн хүн. Одоо ч ээж, аав маань энд амьдарч байгаа. Ийм болохоор нөгөө талаас өөрөө зориглоод эхэлсэн учраас зохицуулаад л ажиллаж байна.

 

-Дахин төлөвлөлтөд орж байгаа оршин суугчидтайгаа хэрхэн тохиролцоонд хүрэв, гэрээнийхээ зарим онцлогоос сонирхуулахгүй юу?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээслээд орон сууцжуулах хөтөлбөрийн дагуу явж байна. Борлуулалтын хувьд урьдчилгаа 30 хувь, үлдсэн төлбөрөө хүүгүйгээр 5 жилд хуваагаад компанийн лизингээр авах бүрэн боломжтой.  

Хүлээлгэж өгөх хугацаандаа байраа өгч чадахгүй хугацаа хэтэрвэл оршин суугчдын түрээсийн мөнгийг манай компани төлнө. Иймээс чанартай, хугацаанд нь барих үүрэг бидэнд ирж байгаа.

 

Байрны оршин суугч, иргэн Ш.Эрдэнэчимэг: Бидний амьдарч байсан энэ байр амьдрах ямар ч боломжгүй болсон

 

-Дахин төлөвлөлтөд орж, шинэ байртай болох гэж байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би яг энэ төмөр замын районы хүүхэд. Миний аав, ээж хоёр бол энэ байрны 3-р 8-н айлын 1 тоотод амьдарч байсан. Би аав, ээжийнхээ ариун голомтыг өвлөн авч үргэлжлүүлэн амьдарч яваа хүн.  

 

Ингээд шинээр төлөвлөлтөд оруулж шинэ байртай болж байгаад баяртай байна. Ийм сайхан байртай болгож, дахин төлөвлөлтөд оруулж байгаа “Сүлд өргөө” компанийн хамт олонд, аймгийн Засаг дарга, сумын удирдлагуудад баярлалаа.

 

-Оршин суугчид гэрээ байгуулж байгаа гэсэн. Ямар нөхцөлтэйгөөр байгуулав?

-Оршин суугчдын хувьд амьдарч байгаа м.кв-даа тааруулж шууд солилцоонд авна. Хэрвээ томруулах бол зөрүүг нь өгнө. Бидэнд 1 м.кв-ыг 1.7 сая төгрөгөөр өгч байгаа.

 

Бидний амьдарч байсан энэ байр бол 70 гаруй жил болсон. Амьдрах ямар ч боломжгүй, аюулгүй байдал нь алдагдсан ийм байр байгаа.

 

2014 онд аймгийн МХГ-аас амьдарч болохгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ.



Холбоотой мэдээ