"Хархорум музей" болон Эрдэнэзуугийн үзэгчдийг нэг урсгалтай болгох ажлыг эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-12 14:44:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар хэрэгжсэн буцалтгүй тусламжийн төслүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Хархорум музей” болон “Мэргэд" лаборатори сургуультай танилцах хэвлэлийн аяныг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. 


Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд баригдсан, тухайн нутаг дэвсгэрийн соёлын өвийг хадгалж, хамгаалах, түүх соёлыг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэдэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь "Хархорум музей" 2011 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 150 мянга гаруй хүнд үйлчилжээ. Үзэгчдийн дийлэнх нь АНУ, Герман, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орноос ирсэн жуулчид буюу гадаадын иргэд байна.


Тус музейг Япон Улсын тусламжаар барих Монгол Улсын Засгийн газрын шийдвэр 2009 онд гарч, ЖАЙКА-аас Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд музейн барилга, тоног төхөөрөмжид зориулан 521 сая иэнийг зарцуулан бүтээн байгуулалтыг хийснээр 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр төсөл дууссан байна. Улмаар 2011 онд музей албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдэд үйлчилж эхэлжээ.


"Хархорум музей" 4000 гаруй үзмэртэй

"Өнөөдөр тус музей байнгын болон түр гэсэн үзэсгэлэнгийн танхимуудтай үйл ажиллагаа явуулж байна. Музейн үндсэн болон туслах сан хөмрөгт Чулуун зэвсэгийн үеэс хойших түүхийг хамруулсан 4000 гаруй үзмэр байдаг. Үүний 1400 гаруй байнгын үзмэр юм. Музейг Монгол нутаг дахь эртний төрт улсуудын төвлөрөл байгаад хожмоо Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг байгуулсан Орхоны хөндийн соёлын дурсгалууд, Хархорум хотын туурь, тэндээс гарсан олдворуудыг түшиглэж байгуулсан учраас үзмэрийн дийлэнхийг эдгээр түүхэн цаг үе, тэр дотроо 13-14 дүгээр зууны түүхэн олдворууд эзэлдэг" хэмээн музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд танилцууллаа. 

















Тус музейд Монгол нутгаас олдсон чулуун болон төмөр зэвсэг, эдлэл хэрэглэлүүд, Их Монгол Улсаас өмнө Орхоны хөндийд оршиж асан эртний төрт улсуудад хамаарах төрөл бүрийн түүхэн олдворууд, буган чулуун хөшөө, хүн чулуу, гэрэлт хөшөө, Хархорум хотыг байгуулах тухай Чингис хааны 1220 оны зарлигийн утга бүхий чулуун хөшөөний хэсэг, 1347 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Хархорум дахь Буддын их сүмийг сэргээн засварласныг тэмдэглэсэн монгол бичээст хөшөө, Чингис хаан болон түүний залгамжлагчдын үед гаргаж байсан 60 гаруй ширхэг зоос, Өгөөдэй хааны дэгрээ тамгатай цорын ганц зоос, 13 дугаар зууны үеийн богтага малгайтай эмэгтэйг дүрсэлсэн хүн чулуу, Хархорум хотын тууриас олдсон барилгын хэсэг, чимэглэл, ваар сав, шавар баг, шаазан аяга, шавар бурхан зэрэг бурханы шашны холбогдолтой эд зүйлс хадгалагдаж, нэг хэсэг нь байнгын үзмэр болжээ.










Музейн түр үзэсгэлэнгийн танхимд энэ өдүүдэд Их Монгол Улс, Монголын эзэн гүрний үеийн буюу Юань гүрэн, Цагаадайн улс, Ил хаант улс, Алтан ордын улс зэрэг Чингис хааны залгамжлагчдын байгуулсан улсуудаас гаргаж байсан зооснууд (Монголын зоос цуглуулагчдын холбоотойтой хамтарсан), Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон МЭ VII зуунд холбогдох  Шороон бумбагарын дурсгалт газраас олдсон модон болон алт, чулуун эдлэл зэрэг олдворын үзэсгэлэнг дэлгэжээ.


Түүхэнд тэмдэглэснээр, Их Монгол Улсын нийслэл Хархорум хот нь 1220 оноос эхлэн баригдаж, 1250-иад он буюу Мөнх хааны үед хамгийн оргил хөгжилдөө хүрсэн ажээ. Энэ үед Францын вангийн элч Гийум де Рубрук хэмээх санваартан Хархорумд ирж, тухайн үеийн хотын байдлын талаар аян замын тэмдэглэл  "Дорно этгээдэд зорчсон минь" номдоо анх удаа дэлгэрэнгүй бичжээ. Гийум де Рубрук бол Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын талаар хамгийн  дэлгэрэнгүй бичиж үлдээсэн хүн бөгөөд чухамхүү түүний бичсэнээр Хархорум хот нь тухайн үеийн өрнө, дорныг холбосон улс төр, эдийн засгийн гол төв, дипломат харилцаа хийгээд худалдаа арилжааны хамгийн том төвлөрөл болдог газар төдийгүй дамжин өнгөрөх стратегийн чухал ач холбогдолтой зам байсан гэдэг нь тодорч үлдсэн юм. Мөн дэлхийн олон үндэстэн, олон шашинтан энх тайванчаар зэрэгцэн оршдог Хархорум хот дахь их хааны өргөөний үүдэнд орой дээрээ бүрээ үлээж буй сахиусан тэнгэр бүхий асар том мөнгөн модтой, түүний дөрвөн талын амсраас айраг, дарс, шар айраг, балын ундаа гоождог байсан төдийгүй тэрхүү гайхамшигт мөнгөн модыг Вильгельм Бушье хэмээх франц дархан урлан бүтээсэн тухай Гийум де Рубрук бичиж үлдээснээс үүдээд  хожмын малтлага, судлагаануудын олонх нь хийгдсэн, археологичид өнөөдөр ч Хархорумын мөнгөн модыг хайсаар байгаа билээ.


Хархорум хотыг 1380 онд Мин улсын цэргүүд халдан довтолж шатааснаас хойш устаж үгүй болох замдаа орж, хожмоо туурь дээр нь Эрдэнэзуу хийдийг байгуулсан гэдэг нь сүүлийн жилүүдэд хийсэн археологийн малтлага, судалгаануудаас тодорхой болоод байна.

Баруун гар талаас: "Хархорум музей"-н захирал Т.Баяраа, ЭША С.Энхмэнд нар

Т.Баяраа: Үзэгчдийн дийлэнх нь гадаадын жуулчид байдаг

"Хархорум музей"-н захирал Т.Баяраа, Манай музей бол Орхоны хөндийн түүх, археологийн дурсгал, соёлын өвийг олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах зорилготой байгуулагдсан, нийт 30 гаруй ажилтантай, үүнээс 20 нь яг музейн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Хөдөө орон нутгийн музейнүүд дотроо барилга байгууламж олон улсын стандартад нийцсэн, үзмэрүүдээ хадгалж, хамгаалах боломж бүрдсэн, үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлсэн ийм музей. Жилд дунджаар 23 мянга орчим хүн манай музейг үздэг. Байгуулагдсанаас нь хойш гадаадын 90 мянга, дотоодын 60 мянга орчим үзэгч ирж үзсэн тоо гарсан. Нийт үзэгчдийн дийлэнх нь гадаадын жуулчид, тэр дотроо Европын орнуудаас ирсэн жуулчид байдаг. Мөн Азиас Япон, БНХАУ, БНСУ, Тайвань зэрэг орноос ирсэн жуулчид музейг маань зорьж ирж үздэг. Сүүлийн жилүүдэд дотоодын үзэгчдийн тоо нэмэгдэж байна. Гол нь Монголын эзэнт гүрэн, Хархорум хотын түүхэнд холбогдох үзмэр, олдворууд, археологийн дурсгалуудыг бодитоор нь харахыг хүссэн үзэгчид манай музейг зорьж ирдэг. Аймаг, орон нутаг, музейн зүгээс үзэгчдийн тоог улам нэмэх тал дээр анхаарч, зарим шийдлүүдийг хийж байна. Тухайлбал, манай музейн яг хажууд байгаа Эрдэнэзуу музейг шашин, мөргөлийн зорилготойгоор жилд-40-50 мянган хүн үздэг. Үүнийг "Хархорум музей" рүү татах, үзэгчдийн урсгалыг нэг болгохоор Эрдэнэзуу хийд-"Хархорум музей"-г дундуур нь холбосон жуулчдын гудамж байгуулах ажлыг Хархорин сумаас санаачлан хэрэгжүүлж байна. Тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа гэв. 


Музейг Японы хөрөнгө оруулалтаар барьсан учраас тус улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтарч ажилладаг ажээ. Тухайлбал, Японы Нарагийн хүрээлэн, Осакагийн хүрээлэн, Нара болон Хоккайдогийн их сургууль төгссөн мэргэжилтнүүдтэй хамтран музейн үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт дээр ажиллаж байгаа юм байна.


"Одоо бидний өмнө зарим нэг тулгамдсан асуудал гарч ирж байна. Тухайлбал, юуны түрүүнд музейн өргөтгөлийн барилга барих зайлшгүй шаардлагатай болсон. Энд эртний Хархорум хотын туурийг  малтаж, судалж байгаа. Үүнээс гарсан олдворуудыг хадгалж, хамгаалж, сэргээн засварлахад одоогийн байр маань хангалттай биш болсон. Тиймээс өргөтгөл барих хэрэгтэй байна. Мөн музейн барилга маань ашиглалтад ороод 13 жил болсон учир бас зарим засварын ажил хийх шаардлага үүсэж байна" хэмээн "Хархорум музей"-н захирал Т.Баяраа ярилаа. 


Японы "Коноикэ" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Иватагийн дурсамж:

-"Хархорум музей"-н барилгын гэрээ байгуулагдсан 2009 онд Монголд барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан тул хаа сайгүй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байсан юм. Барилгын ажилчид аль болох илүү таатай нөхцөл, өндөр цалин амласан газарт ажиллахыг эрмэлздэг байлаа. Улаанбаатар хотоос хол зайтай Хархоринд, гэр бүлээсээ хол газар ажиллах хүн олдоход хэцүү байсан. Хажуугаар нь тухайн үед Улаанбаатар-Хархорин чиглэлийн авто замыг шинээр барьж байсан тул Хархорин ороход машинаар 9 цаг гаруй явна. Барилгын материал тээвэрлэсэн том оврын машины хувьд суудлын машинаас илүү хугацаа зарцуулж байв. Барилгын марериалын олдоц ч мухайн үед ховор байлаа. Тиймээс бид "Хархорум музей"-н барилгыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд Таиландаас барилгын ажилтан авчирч ажиллуулсан юм.



Кавабата Рейко: ЖАЙКА "Хархорум музей"-д аялал жуулчлалын зөвлөх ажиллуулж байна

ЖАЙКА бол "Хархорум музей"-г барьж байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэсний зэрэгцээ үйл ажиллагааны менежментэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ирсэн байгууллага билээ. Энэ талаар ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Кавабата Рейкогийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр:

-Юуны өмнө "Хархорум музей" бол Монголын эзэнт гүрний түүхийн хадгалж байгаа чухал газар гэдгийг хэлмээр байна. ЖАЙКА 2010 онд энэ музейг Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгуулж хүлээлгэн өгсөн. Тэгээд зогсоогүй, үргэлжлүүлэн музей ашиглалтад орсны дараа үүсэх асуудлуудад бэлэн байх, ирж байгаа үзэгчид, зочид төлөөлөгчдөд хэрхэн үйлчилж хандах, ямар байдлаар музейг тайлбарлаж өгвөл зохимжтой  вэ гэх мэт асуудлуудад анхаарч, 2013-2015 онд музейн сан хөмрөг, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, олон нийттэй харилцах ажил хариуцсан 2 сайн дурын ажилтныг тус музейд ажиллуулсан. Эдгээр сайн дурынхан маань музейн барилгыг илүү сайхан болгохын төлөө дотоод засал чимэглэл хийхэд оролцох, музейн зүгээс үзэгчдэд зориулан гаргах бэлэг дурсгал гаргахад туслах зэргээр өдөр тутмын менежментэд тусалсан.


Одоогийн байдлаар ЖАЙКА тус музей дээр аялал жуулчлалын зөвлөх ажиллуулж байна. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэ жилүүдийн хүрээнд музей хэрхэн энэ Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан онцлох үзмэрүүдээ жуулчдыг татах хэрэгсэл болгох вэ, үүний тулд ямар ажлууд хийж, ямар үйлчилгээнүүдийг хийвэл зохимжтой вэ гэдгийг аялал жуулчлалын зөвлөх маань чиглүүлэн зөвлөж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна хэмээн ярилаа.


"Хархорум музей"-г үзэгчдийн тоо /2012-2023 он/

Энэхүү графикийн цэнхэр багана монгол үзэгчид, улбар шар багана нь гадаадын үзэгчдийг харуулжээ. 2012-2023 оны хооронд тус музейг нийт 132.267 хүн үзсэний 84.950 нь гадаадын, 47.317 нь дотоодын үзэгч байна. (Эх сурвалж: JICA)


"Хархорум музей" нь дэргэдээ зуны улиралд буюу 5-8 дугаар сард ажилладаг монгол тоглоом наадгайн төв-гэртэй. Энэхүү төвөө түшиглээд орон нутгийн иргэдтэй хамтран цагаан идээ, арьс шир, сур боловсруулах зэрэг монгол ахуй, амьдралын өдөр тутмын хэрэглээний соёлыг гадаад, дотоодын жуулчдад үзүүлэн болгож үзүүлдэг зуны улирлын эвенттэй. Жуулчдад монгол тоглоом наадгайг тайлбарлан таниулахын зэрэгцээ уламжлалт цагаан идээг хэрхэн боловсруулж хийдгийг видео бичлэгээр үзүүлж, төрөл бүрийн цагаан идээний дээжийг амсуулна. Сонирхсон жуулчин үргэлжлүүлэн нутгийн иргэдийн цагаан идээнээс худалдан авах боломжтой.


Анх музейг түшиглэсэн ийм монгол ахуй, амьдралыг жуулчдад таниулах төсөл хэрэгжиж байжээ. Үүнийг өнөөдөр музейн хамт олон зуны улирлын эвент болгож хөгжүүлэн авч яваа юм байна. 











Тодруулга:

Монголын Эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотын туурь Улаанбаатараас баруун урагш 350 км-т байрладаг. Хархорум хотын туурьт Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын ЮНЕСКО-гийн Итгэлцлийн сан, Герман Улсын Бонны Их сургуулиуд хамтран малтлага судалгаа хийсэн. 2004 онд уг малтлагын олдворыг хамруулан “Орхоны хөндийн соёлын өв” хэмээн ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлсэнээр туурийг хамгаалах, судлах, нээлттэй болгох нөхцөл боломж бүрдсэн юм. Гэвч олдворуудыг хадгалах, хамгаалах байр байгаагүйн улмаас ихэнх олдворууд Бонны их сургуулийн удирдлагад байдаг зочид буудлын агуулахад хадгалагдаж байсан тул шаардлага хангаагүй орчин нөхцөлд, ялангуяа өвлийн хүйтэнд эд өлгийн зүйл муудаж, гэмтэхээс сэргийлж ЖАЙКА-аас Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд “Хархорум музей барих төсөл” -ийг эхлүүлж, 2010 он өшиглөлтөд оруулсан. Энэхүү музей нь ирээдүйн Хархорум хотын аялал жуулчлалын гол бааз суурь болох боломжтой юм.


Төсөл дууссан хугацаа: 2010 оны 9-р сар 15-ны өдөр

Соёлын буцалтгүй тусламжийн дүн: 521сая иэн

Буцалтгүй тусламжийн хүрээ:

1.Музейн барилга(үзмэрийн өрөө, хадгалалт, сэргээн засварын өрөө, албан тасалгаа, сургалтын танхим зэрэг нийт талбай: 1,472.13 м.кв)

1.2.Тоног төхөөрөмж

①Үзмэрийн тайлбар, сургалтын компьютер, проектор 

②Сургалт, хадгалалтын сэргээн засварын тоног төхөөрөмж

③Орчныг хэмжих гэрэл хэмжигч, температур хэмжигч

2.ЖАЙКА-аас сайн дурын гишүүн томилогдсон байдал: Соёлын өвийн хадгалалт, Олон нийттэй харилцах мэргэжлээр тус бүр 1 хүн (2013-2015 он) ажилласан. Одоо аялал жуулчлалын зөвлөх ажиллаж байна.


Холбоотой мэдээ