Энэтхэг-Ойрхи Дорнод-Европын эдийн засгийн коридор байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-11 11:17:55

ЭР-РИЯД. /SPA/. Энэтхэг-Ойрхи Дорнод-Европын тээвэр, эдийн засгийн зурвас (India-Middle East-Europe Economic Corridor, IMEC) байгуулах тухай санамж бичигт Герман, Европын Холбоо, Энэтхэг, Итали, АНЭУ, Саудын Араб, АНУ, Франц улсууд гарын үсэг зурсан тухай Саудын Арабын засгийн газрын албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв.


Тээврийн энэ коридор нь дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах бол Энэтхэг улс нь Ойрхи Дорнодтой урт хугацаагаар холбох юм.


IMEC-ийг байгуулж буйг Саудын Арабын угсаа залгамжлах хунтай Мухаммед бен Сальман Аль Сауд Шинэ Дели хотноо болсон “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, уг санаачилга нь Ойрхи Дорнодын орнуудын хооронд олон салаа салбартай төмөр замын сүлжээ, устөрөгч дамжуулах хоолой тавих, цахилгаан эрчим хүч, мэдээлэл дамжуулах кабель татах, түүнчлэн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой аж.


Тээврийн нэгдсэн коридор бий болгож төмөр зам, боомт барих боломжийн талаар Энэтхэг, Саудын Араб, АНУ хэдэн сарын турш хэлэлцэж байна гэж “Reuters” агентлаг урьд нь мэдээлж байв. Хятадын "Бүс ба Зам" санаачилгыг сөргүүлөн тавьсан байж болох тул Вашингтон энэ төслийг сонирхож байна гэж тус агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ