СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-08 16:33:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт өнөөдөр ажиллаж байна.

 

Монгол Улсын тэргүүн тус аймагт ажиллахдаа Мандал сум дахь "АПУ Дэйри" компанийн бяслагийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Тус үйлдвэрийн шинээр үүдээ нээсэн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлог бөгөөд Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм.

 

Энэхүү үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлж, гаднаас оруулж ирж байгаа сүүний орцгүй бяслагийг халах зорилготой гэдгээрээ давуу юм.


Монгол Улс жилд 3 мянга орчим тн бяслаг буюу дотоодын хэрэгцээний 92 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа байгаа.

 

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь хоногт 8-24 тн шингэн сүү хүлээн авч боловсруулан жилд 700 тн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хаягдалгүй үйлдвэр гэдгийг зөвлөх С.Цэцгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Тодруулбал, тус үйлдвэр нь Европын орнуудын бяслаг үйлдвэрлэх технологийг монгол үнээний сүүнд тохируулах замаар чеддар, эдам, гауда зэрэг гурван төрлийн бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулжээ.

 

Дотоодын бяслагийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд сүүний ханган нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ингэхдээ нэмүү өртгийн сүлжээг бий болгох, эрчимжсэн жишиг ферм байгуулах, анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх, сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн багц асуудалд зэрэгт анхаарал хандуулах нь чухал гэдгийг “АПУ” ХК-ийн Төсөл, санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг тавьсан илтгэлдээ онцоллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, хүнсний бүтээгдэхүүний импортыг бууруулах, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангахад идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

 

“Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр ажиллаж эхэлснээр малын сүүг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах аж.

 

Мөн малчид малын ашиг шим, чанарт анхаарах, сайн чанарын сүү бэлтгэн нийлүүлж, орлогоо тогтмол өсгөх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох эрүүл, органик хүнсийг эх орондоо үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоо Цагааннуур суманд ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ