БАЯНХОНГОР: Аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдааныг хүнс үйлдвэрлэгч бүх насны иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын дунд зарлаад байна.
Уралдаан хоёр үе шаттай бөгөөд эхний үе 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, хоёрдугаар үе 2023.11.01-2024.10.01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Тус уралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал", аймгийн ИТХ-аас баталсан "Баялаг бүтээгч - Баянхонгор" хөтөлбөрийг эрчимжүүлж, аймгийнхаа хүнсний хэрэглээг өөрсдөө үйлдвэрлэж хангах зорилтод чиглэжээ. "Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмж, оюуны бүтээлийг хөгжүүлж, импортыг орлосон экспорт руу чиглэсэн, Баянхонгорын онцлогтой, зах зээлд өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход нийт иргэд, байгууллагуудын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэхэд болзолт уралдааны зорилго оршиж байгаа"-г зохион байуулагчид хэлж байна.
Уралдааны хүрээнд Шинэ бүтээгдэхүүн, Импортыг орлосон, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, Шилдэг ААН, Шилдэг сум, Шилдэг өрхийг тус тус шалгаруулах аж.
"Баянхонгорын брэнд бүтээгдэхүүн" шалгаруулах болзолт уралдааны шалгаруулалтыг энэ оны 10 дугаар сар, 2024 оны 2, 9 дүгээр сард аймгийн хэмжээнд зохион байгуулах юм. Уралдааны шагналын сан 25.7 сая төгрөг.