ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжихээ илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-05 10:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн, Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй уулзлаа.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь 4 багц ажлаас бүрдэж байгаа. Гуравдугаар багц ажлын хүрээнд 35 Мвт-ын Дулааны цахилгаан станц барьж байна. Мөн Газрын тос дамжуулах хоолой, усан хангамжийн систем зэрэг бүхий л бүтээн байгуулалтыг улсын комисст хүлээлгэж өгөх, зарим шинэчлэлт шаардлагатай ажлуудад төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг хүслээ. Мөн эрчим хүчний барилга байгууламжийн дэд бүтцийг төслийн хүрээнд барьж ашиглаж байгаа талаар танилцуулсныг "ГТБҮ" ТӨХХК мэдээлэв.


Эрчим хүчний салбарт улсын төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, үйл ажиллагаанд техникийн хяналт тавих үүрэгтэй ажиллаж буйгаа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн хэлээд, ГТБҮ бол манай улсыг эдийн засгийн болоод эрчим хүчний хараат байдлаас гаргах үндэсний хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий төсөл учир төрийн байгууллагын хувьд бүхий л талаар хамтарч ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Том төсөлд учирч буй сорилт бэрхшээл том байх нь дамжиггүй. Тиймээс төслийн хэрэгжилтэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээ тэрээр нэмж хэлэв.

 

Холбоотой мэдээ