“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-16 14:32:36

Нийслэлийн түлшний хэрэгцээг хангадаг “Багануур”, “Шивээ-Овоо”  уурхайнууд 30 хоногийн нөөцтэй байх ёстой ч 2-7 хоногийн нөөцтэй байгааг албаныхан онцоллоо.

Тиймээс дээрх компаниудын техник, тоног төхөөрөмжийг  шинэчлэх, өр авлагыг барагдуулах, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үнэ тарифтай холбоотой асуудлыг  судлах ажлын хэсэг гарчээ.

“Багануур” хувьцаат компани жилд гурван сая гаруй тонн нүүрс олборлон төвийн бүсийн “ДЦС-2” ”ДЦС-3”-ыг 100 хувь, “ДЦС-4”-ийг 50, Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудын хэрэглээний 30 хүртэл хувийг хангадаг. Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани хоёр сая тонн нүүрс олборлож “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувь, “Амгалан дулааны станц” болон орон нутгийн уурын зуухнуудыг нүүрсээр хангаж байна.

Дээрх хоёр компани дизелийн түлш ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд  2015 оны жилийн эцсээр тасалбар болгон баталгаажуулсан олон тэрбум төгрөгийн өртэй байгаа нь хамгийн гол хүндрэл гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Түлшний  хуваарьт нийлүүлэлт буурснаас болж хөрс хуулалт доголдоход хүрсэн байна.

 

Б.Заяа

Холбоотой мэдээ