Эмнэлгийн барилгуудад газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭШадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн гуравдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 29166 удаа, Улаанбаатар хот орчимд 1139 удаа газар хөдөлжээ. Энэ нь өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тул гамшгийн эрсдлийг бууруулж, аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах нь чухал байгааг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.
Тус зөвлөлөөс Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг 2016-2020 он хүртэл хэрэгжихээр баталж, үүнд нь 4 бүлэг, 60 арга хэмжээ тусгасан. Энэ оны үйл ажиллагааны тухайд хэд хэдэн ажлын хэрэгжилт хэвийн яваа аж.
Иймд Шадар сайд У.Хүрэлсүх уг төлөвлөгөөнд туссан ажлуудыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон бусад эх үүсвэрт тусган шийдвэрлүүлж байх, эмнэлгийн барилгуудад эрсдлийн үнэлгээ хийж эхлэх, Дархан, Эрдэнэт, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод хотын нутагт үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгийн үеийн 4000-5000 хүртэл хүнийг хүлээн авах хээрийн эмнэлэг ажиллуулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг гурав хүртэл аймаг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зохион байгуулахыг үүрэг болгов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ