ДУНДГОВЬ: “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-25 18:08:55
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон Улсын сан”-гийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Дундговь аймагт ОНХС-тай хамтран хөдөө аж ахуйд чиглэсэн 3,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн бөгөөд  тус төслөөс 2,4 тэрбум төгрөгийн  санхүүжилт гаргажээ. 


Уг төсөл 2018 оноос Сайнцагаан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2021 оноос аймгийн бүх сумдад хөдөө аж ахуйн хөрөнгө оруулах чиглэлээр өргөжсөн байна.

Тодруулбал, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх инженерийн хийцтэй 40 худаг гаргаж, мал амьтныг халдваргүйжүүлэхээс урьдчилан сэргийлэх мал угаалгын 27 ванн, “Дундговьд үйлдвэрлэв” орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах төв барьж байгуулсан.


Мөн ажлын байр нэмэгдүүлэхийг дэмжих 4, хүнсний ногооны зоорь барих 1, өвс тэжээлийн агуулах саравч барих 4, мөн малчны бүлэгт энгийн уурхай худаг засварлах 31 төслийг дэмжиж, үлийн цагаан оготонотой тэмцэх 60 ширхэг багаж өгч, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд “Малын эрсдэлийн сан” байгуулах 20,0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.



“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн үйл ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 31-нд дуусч байгаа бөгөөд Улаанбаатар хотноо төслийн хаалтын семинар зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд төслийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, МҮА—ны дарга Ж.Батбилэг болон төслийн зорилтот сумдын удирдлагууд, БАМБ (Бэлчээр ашиглагч малчдын бүлэг)-ийн ахлагч, Эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагч, төслийн ажилтан нар оролцсон байна.


Орон нутгийн хөгжилд бодитой, үр өгөөж бүхий хөрөнгө оруулж, хамтран ажилласан төслийн багийн хамт олонд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат талархал илэрхийллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 



Холбоотой мэдээ