ӨМНӨГОВЬ: Уул уурхайн компаниудын оролцоотой сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-25 14:02:38

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг эрчим хүчний төслүүдийг орон нутагтаа хөгжүүлэх зорилгоор Канад Улсын Элчин сайдын яамныхантай уулзалт зохион байгууллаа.

 

Тус төслийн уулзалтыг 2023 оны наймдугаар сарын 24-ны өдөр Даланзадгад суманд зохион байгуулсан бөгөөд Канад Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн даргаар ахлуулсан ажлын баг хүрэлцэн ирж оролцжээ.

 

Канад Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн дарга уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын оролцоотойгоор Канад технологийн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэх өргөн боломжууд байгааг  онцлон хэлээд харилцан санал солилцлоо.

 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай оронд нар, салхи, усны эрчим хүчийг ашиглах боломж өндөр, ялангуяа говийн бүс болох өмнөд, зүүн өмнөд хэсэг нар салхины арвин их нөөцтэй. Түүнийг ашиглах боломж нөхцөл ч хялбар, тохиромжтой. Газарзүйн байрлал нь тэгшхэн, хуурай, сэрүүн уур амьсгалтай зэрэг нь нар, салхины эрчим хүчний технологи, тоног төхөөрөмжийг суурилуулахад амар, хэвийн ажиллах үзүүлэлтэд эерэг нөлөөтэй байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг.


Энэ удаагийн уулзалтаар бүс нутагт дөрвөн улирлын хугацаанд хүнсний ногоо тариалах, цахилгааныг хуримтлуулах, эрчим хүчний хэмнэлт, байнгын эрчим хүчний хангамж, хаягдал усыг цэвэршүүлэх, хог хаягдлаас дахин бүтээгдэхүүн гарган авах, нарны эрчим хүч, дулаан хангамжийн шийдлүүдийг үе шаттай хийж хэрэгжүүлэх боломжуудын талаар онцгойлон ярилцжээ. 

Холбоотой мэдээ