Таксин Чинават эх орондоо иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК. /ТАСС/. Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чинават
2008 оноос хойш 15 жилийн турш гадаадад амьдарч байгаад өнөөдөр эх орондоо
эргэн ирлээ. Түүний хувийн нисэх онгоц нийслэл Бангкок хотын Донмыанг нисэх
онгоцны буудалд газардсаныг агаарын хөдөлгөөнийг хянадаг Flightradar24 цахим
хуудасны мэдээлэлд дурджээ.
Тэрбээр эхлээд цагдаагийн хэлтэст, дараа нь Дээд шүүхэд очих
бөгөөд түүнд оноосон ял шийтгэлийг сонсгож, түр хорих арга хэмжээ авна. Хорих
шийдвэр гарсан тохиолдолд түүнийг Бангкокийн “Клонг Прем” гэдэг төв шорон руу авч явах юм.
Өдгөө 74 настай Чинават 2001-2006 онд Таиландын Ерөнхий
сайдын албыг хашиж байсан бөгөөд түүнийг Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
чуулганд оролцож байх үеэр Хуурай замын цэргийн хүчний командлагч Сонтхи Буньяратглин-ий
удирдсан цэргийнхэн төрийн эргэлт хийжээ. Чинават гадаадад үлдэхээс аргагүйд
хүрсэн ба 2008 онд эх орондоо эргэн ирснийхээ дараа шүүхэд дуудагдаж байв.
Түүнийг баривчилсан боловч дараа нь барьцаагаар суллажээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Чинават гадаадад амьдарч байгаа юм.
Таиландын шүүх 2008 онд улсаас газар худалдаж авахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт холбогдуулан Чинаватад хоёр жилийн хорих ялыг эчнээгээр ногдуулж байв. Улмаар 2009 оны 4 дүгээр сард албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийсэн, хээл хахууль авсан гэх мэт хэргээр түүнийг нийтдээ 10 жилийн хорих ялаар эчнээ шийтгэжээ.