Богино эргэлтийг нэвтрүүлснээр түгжрэл зургаан хувиар буурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоо гаргажээ.
Өөрөөр хэлбэл, богино эргэлтийн 181 автобусны зогсоол
байгуулж, 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх
боломжтойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл
засаглалын хөтөлбөр, цаашид хийх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон
УИХ-ын гишүүдэд танилцуулах үеэрээ
тэмдэглэв.
Хотын зорчилт хөдөлгөөнд өдөрт дунджаар давхардсан тоогоор
2.8 сая хүн оролцож, таван
томоохон байршлаас хотын төв рүү чиглэж байна. Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө,
Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний 48.2
км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг
нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дээрх дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ
болгож өргөтгөх шаардлагатай байна. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн
тээвэр зорчих нөхцөл бүрдүүлж, эхний
ээлжид 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний
түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх боломжтой аж.