В.Инжиннаш судлал Ц.Дамдинсүрэнгийн “Монгол уран зохиолын тойм”-оос түүчээтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-15 15:40:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөөдөр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-д өнөөдөр боллоо.


Хурлыг Монголын их бичгийн хүмүүн, соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулан зохион байгуулав.


Монголын эх хэл, бичиг, соёл, утга зохиолын их хүн В.Инжиннашийн түүх намтар, уран бүтээлийн талаарх гол илтгэлийг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Б.Хишигсүх тавьсан юм. Тэрбээр “В.Инжиннаш Монголын сонгодог уран зохиолын ноён оргил” сэдэвт илтгэлдээ, 1837 онд Өвөр Монголын баруун Түмэд хошууны Ванчинбал тайжийнд Хасчулуу (бага насынх нь нэр) хэмээх нэгэн хүү мэндэлсэн нь (7 дугаар буюу отгон хүү нь болон төржээ) XIX зууны Монголын их суут зохиолч, сонгодог утгал зохиолын нэрт төлөөлөгч В.Инжиннаш байсныг дурдсан юм.


Их зохиолч В.Инжиннаш нь гуниг уянгын нэрт шүлэгч Гулиранс, нэрт хөрвүүлэгч Сүнвэйданжүн, нэрт яруу найрагч, орчуулагч, түүхч Гүнначүг Инжиннаш гэсэн гурван ахтай, тэдний гэр бүл их соён гэгээрэл, утга зохиол, урлагийн хүмүүсээс бүрдэж байсан нь их эрдэм соёлын хүн байсан эцэг Ванчинбалаас улбаатай байсныг өгүүллээ.


Тухайлбал, Ванчилбал тайжийн их хөвгүүн Гулиранс (1823-1851) нь XIX зууны онцгой авьяаслаг шүлэгч бөгөөд 29 насалсан богино хугацаандаа 90 орчим шүлэг дуулал туурвиж, "Сүн улсын хүйтэн уулын бичиг" хэмээх алдарт туурвилыг монголчилж байжээ.


Энэ талын илтгэлийг тавьсан МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Б.Хишигсүхээс их зохиолч В.Инжиннашийн түүх, судлалын талаар зарим зүйлийг тодруулав.

-В.Инжиннаш судлал манай улсад хэр арвин түүхтэй вэ? Анх хэдийнээс судалж байсан юм бол?

-Ер нь бол В.Инжиннаш судлалыг эхлүүлж, түүчээлүүлсэн хүн нь Монгол уран зохиол судлалын ноён оргилын нэг, академич Ц.Дамдинсүрэн гуай юм. 1957 болон 1961 онд гарсан Монгол уран зохиолын тойм 3 ботид тусгайлан, Инжиннашийн бүлгийг, түүний алдартай зохиолын нэг “Их Юань гүрний мандсан төрийн Их судар” романыг задлан шинжилж бие даасан бүлэг болгон оруулж байсан.


Энэ нь Монгол Улсад В.Инжиннаш судлалын суурийг тавихад таатай нөхцөл нь болсон юм. Мөн оюутан, суралцагч нарт энэ чиглэлийн судалгааг эхлүүлэх, Инжиннаш судлал руу орж, шимтэн суралцахад эх болсон гэж үздэг


Ингэснээр Монгол утга соёлд өөрийн баларшгүй ул мөрөө үлдээсэн XIX зууны Монголын утга зохиолд өөрсдийн дэг соёл, сургуулийг бий болгсон Ванчинбал тайжийнхны намтар, бүтээлийн судалгааг Монгол Улсад хөгжүүлж, 1950-иад оны дунд үеэс хойш өнөөдрийг хүртэл 60 гаруй жил үргэлжилж байна. Манай МУИС гэхэд В.Инжиннаш судлалын олон улсын хурлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. 1997 онд 160 жилийн ойгоор анхны хурлыг хийсэн. Мөн 2017 онд 180 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн гэв.


Холбоотой мэдээ