Афганистаны хүсэлтийн дагуу АНУ агаараас цохилт өгсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-06 14:00:08

ВАШИНГТОН. /NHK/. Агаарын цохилт өгөхийг Афганистаны хүчин АНУ-аас хүссэн бөгөөд үүнээс болж Афганистаны хойд нутагт байрлах эмнэлэг дэх энгийн иргэд амиа алдсан гэж АНУ-ын армийн командлагч мэдэгдэв.

Бямба гарагт Афганистаны Кундуз хотод өгсөн агаарын цохилтынхоо үр дүнгийн талаар Афганистан дахь АНУ-ын хүчний командлагч, армийн генерал Жон Кэмпбелл сэтгүүлчдэд тайлбар хийжээ.

 

“Хил хязгааргүй эмч нар” олон улсын тусламжийн байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн ажилтан, өвчтөн зэрэг 22 хүн уг агаарын цохилтын улмаас амиа алдсан байна.

Уг эмнэлэг халдлага өртөөд байсан учраас АНУ-ын хүчин агаараас цохилт өгсөн гэж Кэмпбелл уг ажиллагаагаа зөвтгөв.

Дайсны халдлагад өртөөд байсан Афганистаны арми АНУ-ын агаарын дэмжлэгийг хүссэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “Талибан” бүлэглэлийн заналхийллийг зогсоох зорилгоор уг агаарын цохилтыг өгсөн боловч энгийн хэдэн иргэн цохилтод өртөж, амиа алдсан. Үүнд нарийн шалгалт хийнэ гэв.

Түүний энэ тайлбарыг “Хил хязгааргүй эмч нар” байгууллага эрс буруушаасан байна.

Уг хэргийн улмаас учирсан хохирол болон АНУ-ын Засгийн газраас хийсэн тайлбар хоёр хол зөрж байгаа бөгөөд АНУ хариуцлагыг Афганистаны Засгийн газарт тохохоор оролдож байна гэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллага мэдэгджээ. Мөн тэд, уг аймшигт халдлагыг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй гэж мэдэгдээд, бие даасан бүлгээр ил тод мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг уриалав.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд