Монгол төрийн их баяр наадам ёслол төгөлдөр өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
uranatuya@gmail.com
2023-07-12 21:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор дэлгэр сайхан болж, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

 

Баяр наадмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын баяр наадмыг хааж үг хэлсний дараа Төрийн Есөн хөлт цагаан тугийг тогтоосон журмын дагуу Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр буцаан заллаа.

 

Энэ жилийн баяр наадамд хүчит 512 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын гарьд М.Бадарч түрүүлж арслан цол хүртэн, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн юм.





Хурдан морины уралдаанд 6 насны нийт 660 гаруй морьд уралдаж, төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөн хурдалсан юм.


Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхай холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжав 40 сумнаас 37 онож түрүүлэв. Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь хунс" ХХК, Цахиур багийн харваач, Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболор 40 сумнаас 38 онож түрүүлэн "Улсын даян мэргэн" цол хүртлээ.




Энэ жилийн шагайн наадамд нийт 800 гаруй харваач оролцсоноос тэргүүн байрт Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг шалгарсан юм.


Наадмын нээлтийг Монголчуудын үнэт өв, нэгдмэл оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөө, түүхэн хөгжлийг орчин цагийн урлагийн бүхий л төрөл, хэлбэрээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд илэрхийлэн үзүүлсэн юм. Нээлтийн найруулгын энэ жил найруулагч Б.Анар мета домог зүйн шийдэл, хийц ашиглан найруулсан бөгөөд монгол түмний сүр, хүч, хийморь, зоригийг бадраах эрчит 120 морьтны үзүүлбэр, бүжгийн урлагийн бүх төрлийг багтаасан сонирхолтой, бүжгийн найруулгын шинэлэг үзүүлбэрүүдийг багтаасан байлаа.



Холбоотой мэдээ