С.Амарсайхан: Монголчууд төрт ёс, түмэн олноо хүндэтгэн ёс суртахуунтай наадаж ирсэн уламжлалтай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд Тулгар
төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө,
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн
Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга,
Шадар сайд С.Амарсайханаас баяр наадмын сэтгэгдлийг нь сонсож, зохион
байгуулалтын зарим асуудлыг тодрууллаа.
-Монгол орны дөрвөн зүг, найман зовхист, дэлхийн өнцөг
булан бүрт аж төрөн суугаа нийт монголчууддаа, Монголын хойч ирээдүй болсон
залуус хүүхдүүддээ Монгол Үндэсний их баяр наадмын мэндчилгээг хүндэтгэн
дэвшүүлье. Наадмын нээлт, үйл ажиллагааны талаар наадамчин олон хувь хувьдаа л дүгнэлтээ хийдэг. Миний хувьд Ардын хувьсгалын 102 жилийн ой өргөн дэлгэр
сайхан болж байна.
Ер нь бөх, морь, сурын наадам цөм маргаангүй сайхан болохыг л
монголчууд хүсч хүлээдэг. Гол нь тэр бүхэн нь наадамчин олны сэтгэлд нийцсэн,
ил тод, шударга байх нь хамгийн чухал. Бөх нь жудагтай, уяачид, харваачид ёс
суртахуунтай наадаж, төрт ёс, түмэн олноо хүндэтгэж ирсэн уламжлал бидний
монголчуудад бий. Үүнийгээ ч баримталж баяр наадмаа сайхан тэмдэглэж өнгөрүүлэх
байх. Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн үндэс, соёлын дархлаа, түмэн олны
хүлээлтэн дунд тэмдэглэдэг төрт ёсны их баяр наадмыг хаа хаанаа хамгийн сайн
сайхнаар, ёс жаягаа дээдлэн баримталж наадамлах нь хэн бүхний үүрэг гэж ойлгож
болно. Хэрэв хүмүүсийн асар их анхаарлаа хандуулж хүлээж, зорьж үздэг наадмын морины уралдаан,
бөхийн барилдаан будлиантай болох юм бол цол тэмдгийг нь хураадаг байх хүртэл хариуцлагын
асуудлыг цаашид хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа. Түүнчлэн бид цаашдаа
стадионоо илүү сайжруулах ёстой. Хүн ам өсч байна. Жуулчдын ирэх урсгал ч эрс
нэмэгдэж байна. Тийм ч учраас төв цэнгэлдэх хүрээлэнгээ өргөтгөхөд анхаарч
Засгийн газар, Нийслэлээс 40 мянган хүний суудалтай шинэ бүтээн байгуулалт
хийхээр зураг төсөл нь хийгдээд явж байгаа.