Д.Трамп: Apple компани АНУ-ын нутагт үйлдвэрлэлээ явуулах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-09-14 10:46:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бүгд Найрамдах нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Apple болон Америкийн бусад компаниуд АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлээ дахин явуулж эхлэх болно гэж Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп Де-Моин хотод /Айова муж улс/ дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ.

“Apple болон манай бусад томоохон компаниуд iPhone, компьютер зэрэг бүтээгдэхүүнээ Хятадад бус, дэлхийн хаа нэгтээ бус харин АНУ-д үйлдвэрлэх болно” гэж Трамп хэлжээ.

Тэрбээр амлахдаа “хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол Америк даяар зам, гүүр, нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургуулийг олноороо нь барьж эхлэх болно” гэсэн байна. 

Түүнээс гадна, АНУ, Канад, Мексик гурвын байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийг /НАФТА/ Д.Трамп шүүмжлэхдээ “энэ гэрээ бол зөвхөн нэг чигийн хөдөлгөөнтэй зам юм. Энэ замаар ажлын байрнууд АНУ-аас өөр тийшээ шилжиж байна” гэжээ.  

Дашрамд дурдахад, Кливленд хотод 7 дугаар сард болсон БНН-ын их хурлыг ивээн тэтгэж, зохион байгуулахад нь техникийн туслалцаа үзүүлэхээс Apple компани татгалзсан аж. Энэ нь 2 дугаар сард Д.Трамп тус компанийг хатуу шүүмжилсэнтэй холбоотой гэнэ. Тодруулваас, алагдсан нэгэн террористын биед Apple -ийн ухаалаг утас байсныг Холбооны мөрдөх товчоо илрүүлсний дараа тус компани уг гар утасны кодыг тайлж өгөхөөс эрс татгалзсан байна. Энэ үйлдлийг Д.Трамп эрс буруушаагаад, Apple-ийн үйлдвэрлэсэн ухаалаг утаснуудыг худалдан авахгүй байхыг америкчуудад уриалж байсан нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон дэлхийн хамгийн баян компанийн хооронд зөрчил үүсэх гол шалтгаан болжээ.  

Х.Сарнай 

  

Холбоотой мэдээ