Дорнодод 4000 гаруй өрхийн 2,1 сая мал намаржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 10:27:35

Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 4043 малчин өрхөд 2,1 сая толгой мал намаржиж байна. Аймгийн хэмжээнд зуншлага сайнгүй байснаас малын тарга хүч дунд зэрэг байгаа юм.

Энэ жил 58,2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар энэ ажил 36,1 хувьтай явна. Хадлан тэжээл бэлтгэх ажилд хадлангийн механикжсан 30 салаа,  670 хүн хүч, 720 техник ажиллаж байна.

-Мал сүргийн хувьд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  ажил цаг хугцаандаа графикийн дагуу явж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх ажлыг хийж эхэлсэн бол энэ сарын дунд үеэс шүлхий өвчний хоёр дахь ээлжийн дархлаажуулалтын вакциныг  хийнэ. Шаардлагатай тарилга вакциныг ОХУ-аас татаж авч, 11 суманд хуваарилаад байна гэж аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин ярилаа.

Малын янз бүрийн өвчин гарч байгаатай холбоотойгоор 12 дугаар сар гартал тус аймгаас Улаанбаатар хот руу амьд мал тээвэрлэхийг хоригложээ.  Малын халдварт боом өвчин аймгийн төвөөс холгүй 40 орчим км газарт малчин Э-гийн суурьт гарсан тухай өмнө нь мэдээлж байсан. Есдүгээр сарын 5-нас хойш энэ суурьт нэмж мал хорогдоогүй ч айлын нэг хүн уг өвчнөөр өвчилж, аймгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчлүүлж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ