Биокомбинатад усанд автсан байршлаас 212 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-09 11:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна.


Тэрбээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчимд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, "Туул голын усны түвшин доошилсон. Гэхдээ хөрсний усны түвшин буугаагүй, голын орчимд хоёр метр хүрээд байна. Тэгэхээр усыг нь шавхахад цаг хугацаа орно. Ер нь нийслэлийн хэмжээнд 480 км урт далан байгуулж байж, хотын иргэдийг үер усны аюулаас хамгаална гэсэн тооцоолол бий. Нийслэлийн төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад далан барьж буй. Гэхдээ тооцооллоор гаргасан энэ тоонд хүрэхгүй" хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Үүсээд буй үерийн нөхцөл байдалд мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, судлаачдын зөвлөмжийг авч, хамтарч ажиллаж, зохих арга хэмжээг авч байна. Ер нь яг голуудын гольдролын бүсэд 12 мянган айл өрх байна. Үүн дээр орон сууцны хорооллуудыг нэмбэл чамгүй тоо гарна. Тэгэхээр эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд голын ай сав, гольдролд барилга барих, иргэд суурьшуулах асуудлыг шийдэх нь чухал. Үер усны аюул цаашид ч тохиож болох учир далан, хамгаалалтын байгууламжийн тооцоо, судалгааг яаралтай гаргаж, бүтээн байгуулалтыг асуудлыг дараагийн түвшинд танилцуулж хэлэлцэнэ" хэмээсэн юм.


Холбоотой мэдээ