Сэргэлт айсуй эрчим хүчний салбар

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-07-06 12:37:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсээд 101 жил болж байна. Зуу гаруй жилийн түүхээ бичсэн энэ салбараа сэлбэн сайжруулах явдал манай улсын хувьд хамгийн чухал ажлын нэг болоод байгаа юм.


Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дотооддоо хангаж чаддаг болох, импортын эрчим хүч хэрэглэдэг биш, эрчим хүч экспортолдог улс орон болох том зорилтыг манай улс тавиад байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүчний нэмэлт эх үүсвэр барьж байгуулан хүч нэмэх тал дээр онцгой анхаарал хандуулж байна. Үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдолтой салбарынхаа чадал чансааг нэмэгдүүлэх хариуцлагатай үүрэг яг энэ цаг үед тулгараад буй.


Монголын эрчим хүчний салбарын өнөөдөр

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд нэмээгүй, харин хүн ам хурдацтай өсч, тэр хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай болсон. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа нь хэтэрсэн байгууламжуудтайгаар өнөөгийн хэрэгцээгээ хангаж байна. Тийм учраас өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүчний хэрэглээгээ өөрийн нөөц бололцоогоор хангах стратегийн томоохон төлөвлөгөөнүүдийг Засгийн газраас боловсруулан ажиллаж байна. 


Яг өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг дотоод эх үүсвэрээс, 14 хувийг БНХАУ, 5 хувийг ОХУ-аас нийлүүлж байна. Эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсэг нь гадны улсаас хараат байна гэдэг нь улс орны дотоодын нөхцөл байдал, үйлдвэрлэл, эдийн засаг мөн л гадны нөлөөлөлтэй байгааг илтгэж буй хэрэг. Тийм учраас тусгаар улсын гол баталгаа болох эрчим хүчнийхээ тодорхой хувийг гаднаас авдаг орны хувьд нөөц бололцоогоо ашиглан шинэ эх үүсвэрүүдийг нэн яаралтай барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, хараат байдлаас гарч бие даасан эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгох эн тэргүүний зорилт болоод байгаа юм. Мөн стратегийн ач холбогдолтой томоохон мега төслүүдээ тун яаравчлан гацаанаас гаргаж хөдөлгөж, техник технологийн шинэчлэл хийх зэрэг томоохон ажлууд шил шилээ даран хүлээж байна.  


Эрчим хүчний систем нь нүүрснээс ихээхэн хамааралтай улс орнуудын тоонд манай улс ордог. Дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 90-ээс илүү хувь нь нүүрсээр ажилладаг дулааны станцуудын эрчим хүч үйлдвэрлэл эзэлж байна. Эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг нь үүсгэдэг учир агаарын бохирдолд асар их нэрмээс болж, хүн амын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулах зүй ёсны шаардлага хэдийнээ тулгарчихсан хэрэг. Эдийн засгийн үр нөлөө, ирээдүйд улам өсөн нэмэгдэх хэрэглээ зэргийг аль ч талаас нь тооцсон Монгол Улсад эрчим хүчний олон эх үүсвэр онцгой хэрэгтэй байгаа юм. 

Сэргээгдэх эрчим хүчийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломж

Монгол Улс нь анхдагч эрчим хүчний асар баялаг нөөцтэй. Нүүрс, газрын тос, уран, сэргээгдэх эрчим хүчний тогтоогдсон нөөц болон шатдаг занар, байгалийн хийн баялаг ихтэй. Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбор байгуулах өргөн боломж бий. Түүнчлэн газар нутгийн уудам том, алслагдмал байдал, дэлхийн дунджаас бага хур тунадас унадаг хуурай уур амьсгалтай, дэд бүтцийн хөгжил зэргээс хамааран эрчим хүчний салбарыг өвөрмөц онцлогоор хөгжүүлэхээс өөр арга байдаггүй. Тийм ч учраас усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг байгуулж бий болгохыг илүүд үзэж байгаа юм. Дэлхий нийтээр нүүрсэн галлагаат эрчим хүчний эх үүсвэрээс татгалзахыг хичээж байгаатай зэрэгцэн шинэчлэлээ сэргээгдэх эрчим хүчээр сэлбэх нь манайд давхар ач холбогдолтой гэж үзэн үүнд монголчууд ихээхэн анхаарал хандуулж байна.


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь усан цахилгаан станц бөгөөд дэлхий нийтэд ч энэ төрлийг илүүд үздэг. Одоогоор манайд том чадалтай УЦС байхгүй. Байгаа арваад станцын хувьд дунд оврын Тайшир, Дөргөний УЦС-аас бусад нь бага чадлынх. Гэсэн ч эдгээр нь өөрийн хүчин чадлаас хэд дахин давсан ачаалал үүрч, жилийн дөрвөн улирлын туршид эрчим хүч үйлдвэрлэж байна.


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

Манай улсын эрчим хүчний хэрэглээг хараат байдлаас гаргах хэд хэдэн томоохон төслүүд бий. Тэдгээрийн нэг нь Монгол орны баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох хэмжээний томоохон хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл. Салбарынхаа хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай учир илүү үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох боломжтой.

Энэ станц ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Нэмэлт хүчин чадал зайлшгүй хэрэгтэй болсон энэ салбарыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр сэлбэхээр багагүй чармайлт гаргаж байгаа юм.

Энэ онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж байгаа боловч ерөнхийдөө удаашралтай байгаа юм. Хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох яамд, албан тушаалтнуудад өгөөд буй. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон, томоохон хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш 19 жилийн дараагаас үр ашгаа өгч эхэлнэ гэсэн тооцоо бий. 

Эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний хараат байдлаас холдуулах ач холбогдлын хувьд ч энэ төслийн үр ашиг нь өндөр учир Засгийн газар чармайлт гарган ажиллаж байна. 

 

Чаргайтын усан цахилгаан станц 

Хөвсгөл аймгийн төвөөс 50 километр зайд Монголын томоохон голуудын нэг Дэлгэрмөрөнг түшиглэн баригдах Чаргайтын усан цахилгаан станц.

Энэ усан цахилгаан станц баригдсанаар орон нутагтаа төдийгүй төвийн эрчим хүчний системийн тохируулгад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцож байгаа юм. Ердөө хагас хүчин чадлаараа ажиллахад л Монгол Улсын хамгийн их хүн амтай Хөвсгөл аймгийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах юм гэж төслийн багийнхан тайлбарлаж байна.

Сэргээгдэх болон олон талт эрчим хүчний эх үүсвэр бий болгоход хувийн хэвшлийнхнийг дэмжин, энэ салбарт татаж оролцуулж байгаагийн нэг жишээ нь энэхүү Чаргайтын УЦС.  Эрчим хүчээ дотооддоо бүрэн үйлдвэрлэж, энэ салбар дахь хараат байдлыг арилгах төлөвлөгөөний нэг хэсгийг Чаргайтын усан цахилгаан станц биелүүлж ажиллах юм. 

 

Эгийн голын усан цахилгаан станц

Манай улсын анхны усан цахилгаан станцын төсөл бол 315 МВт-ын хүчин чадалтай баригдах Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ-ын зүгээс Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн утга бүхий гомдлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гаргасан учир ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар, энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа юм. Хэрэв энэ судалгаагаар ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж дахин батлагдаж ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдсэн тохиолдолд Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломжтой болох юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад өнгөрсөн онд айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.


Ноён Антонио Гутерреш, “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм. 

 

Ураны нөөцөө түшиглэн Францтай хамтрах төлөвлөгөө

Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны нөөц баялагтай орны хувьд манайх Франц улстай уг ашигт малтмалыг олборлохоор 20 гаруй жил хамтарч ажиллаж, хоёр ч орд нээгээд байгаа юм. Хэдийгээр компани болон иргэдийн хооронд үл ойлголцол үүсэж байсан ч өнөөдөр энэ бэрхшээлээ шийдсэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн билээ.


Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад тавдугаар сарын 21-нд богино хэмжээний айлчлал хийх үеэрээ Монгол Улс эрчим хүчний засаглалаа сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэхэд Франц улс туслахад бэлэн байна гэж хэлсэн. Нэг ёсондоо эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжихэд хөрөнгө оруулалтын тал дээр дэмжинэ гэсэн. Мөн сэргээгдэх эрчим хүчний болон бусад олон салбарт боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Эрчим хүчний  нэмэлт хэрэгцээгээ хоёр хөршөөсөө нөхөж авдаг манай улсын хувьд гуравдагч хөршийн оролцоо дэмжлэгийг авах нь өнөөгийн шаардлагад ихээхэн нийцэж байгаа. Тийм ч учраас Э.Макроны энэ айлчлал хоёр улсын хувьд цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, геостратегийн ач холбогдолтой чухал айлчлал болсон.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхэд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эх орноо дотоодын эрчим хүчээр бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болж, бүс нутгийн эрчим хүчний хангамжид Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж энэ салбарын 100 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлж байсан юм.

 

Эрчим хүчний Сэргэлтийн төлөвлөгөө ба ойрын ирээдүй

Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогод эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар онцгойлон тусгасан. Энэ бодлого хөтөлбөрт дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх, салбарыг эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжүүлэх тухай төлөвлөгөө бий. Бодлого хэрэгжсэнээр эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж хэрэглээний доголдолгүй, эдийн засгийн үр нөлөө ихтэй салбар болно гэж төсөөлж буй юм.

Хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шилдэг шийдэл болох цөмийн болон устөрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Засгийн газрын зүгээс мэдэгдэж байгаа.

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”

2030 он гэхэд эдийн засгийн хөгжлийг дэмжих эрчим хүч, инженерийн дэд бүтцийг хөгжүүлсэн байна, цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангасан байна.


2040 он гэхэд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж байгуулан, эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч орон болсон байна.


Монгол Улс 2050 онд Хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн доод түвшинд хүргэнэ гэсэн зорилтыг тусгасан.

Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их ялгаруулж буй эрчим хүчний салбарт шилжилт хийх үйл явц ид өрнөж байна. Манай улс Парисын хэлэлцээрт нэгдэн мөн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн.


Төрөөс эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигтэрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар манай улсын усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэл нийт эрчим хүч үйлдвэрлэлийн ердөө 2 орчим хувийг л бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ