Төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад байна. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-оос мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням, "Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой НОК хуралдаж, Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүнтэй холбоотой төрийн байгууллагын албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Дүүргүүдэд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой дүүргийн Засаг дарга нар газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох ажлыг хийнэ" гэв.