ӨВӨРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/.
Орон нутгийн төсвийн 400
гаруй сая төгрөгөөр Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга,
Хайрхандулаан суманд ойн хортон устгалын ажлыг хийж байна.
“Гранд форест” ХХК, “Хатант форест” ХХК-иуд тендерт шалгарч, ой бүхий сумдын ЗДТГ-тай гэрээ байгуулан 10240 га талбайд утаат үүргэвчин шүршигч багаж ашиглан ойн хортон шавжтай тэмцэж байгаа аж.
Мөн улсын төсвийн хөрөнгөөр Өвөрхангай аймагт 20 орчим мянган га талбайд ойн хөнөөлт шавжийг устгах ажлыг удахгүй эхлүүлнэ. БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах байгууллага хамтран улсын хэмжээнд “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 180 гаруй мянган га талбай дахь 1.5 тэрбум модны хөнөөлт шавжийг устгах юм.
Уг төслийг Хурд хамтлаг дэмжиж, Хархорин сумаас 30 жилийн ойн аялан тоглолтоо эхлүүлсэн ба тоглолтын туршид “Эрүүл ой” төслийг иргэд, олон нийтэд сурталчлан таниуллаа.
Өвөрхангай аймаг 175 мянган га шилмүүст ой, 126 мянган га заган ойтой. Энэ жилийн хувьд эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч хорхой зэрэг хортон шавжууд ой модонд голомтлон тархаад байна.