СЭЛЭНГЭ: Хувьсгалчдын баяр монгол наадмын салхийг хагаллаа

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2023-06-28 12:55:19

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын наадам Үндэсний их баяр наадмын салхийг хагалдаг гэдгээрээ онцлогтой.

 

Монгол Улсын хамгийн анхны наадам Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэлж, Ардын хувьсгалын журамт цэргийн анхны баяр наадам болж байсан тэр л цаг хугацаанд Алтанбулагчууд баяр наадмаа тэмдэглэсээр ирсэн юм.

 

Энэ ч утгаараа 294 жилийн түүхтэй хувьсгалын өлгий Алтанбулаг сумын наадмаар Сэлэнгэ аймгийн баяр наадам, хувьсгалчдын уухайн дуутайгаар өнөөдөр эхэллээ.

 

Өнөөдөр өглөөний 07:00 цагт Ардын хувьсгалын 102 жилийн ой, Алтанбулаг сумын үүсэн байгуулагдсаны түүхт 294 жилийн ой, Хувьсгалчдын баяр хурдан морины Азарганы уралдаанаар эхэллээ.

 

Нийт 19 азарга морьдсоноос түрүү магнайд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач С.Батболдын Хүрэн, аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уяач М.Энхтулгын Хээр, айргийн 3-т мөн Алтанбулаг сумын уяач М.Болорчимэгийн Буурал, айргийн 4-т Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач А.Хантайширын Сартай хүрэн, айргийн 5-д Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач М.Түвшинжаргалын Яагаан азарга хурдалж, унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо цэнгүүллээ.

 

Мөн наадмын хурдан морины Хязаалан насны морьдын уралдаанд нийт 40 хязаалан уралдлаа. Ингээд түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны уяач М.Ганхуягын Хар, аман хүзүүд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сумын алдарт уяач Н.Цагаанхүүгийн Хар, айргийн 3-т Алтанбулаг сумын алдарт уяач Х.Мөнхнарангийн Хээр, айргийн 4-т Сэлэнгэ аймаг Орхон сумын уяач, аймгийн алдарт уяач Г.Батбаатарын Бор, айргийн 5-д Алтанбулаг сумын алдарт уяач Х.Мөнхнарангийн хээр хязаалан хурдалж унасан хүүхэд, уясан эзэн наадамчин олноо цэнгүүллээ.

 

Наадмын бас нэгэн сонирхолтой агши н болох Шагайн харваанд нийт 10 багийн тамирчид оролцож харааны хурц, уухайн түрлэгээрээ өрсөлдөж байна.


 

Холбоотой мэдээ