Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-23 16:24:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын харилцаа дахин хурцдаж, их гүрнүүд хоорондоо сөргөлдөж, улмаар хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч эхэлж буй энэ үед Зүүн хойд Азийн орнуудын иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид мэдээллээ солилцож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замаар бүс нутгийн түвшинд итгэлцлийг бэхжүүлэхэд дөхөм үзүүлэхийг зорьж байна.


1953 онд Солонгосын дайны галыг зогсоох хэлэлцээр байгуулсан хэдий ч бүс нутгийн байдал түгшүүртэй хэвээр байгаа билээ. Энэ оны долдугаар сард гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны 70 жил тохиож байгаа учраас Солонгосын хойгт бат бэх энх тайван өнөөг хүртэл тогтоогүүй байгааг дахин анхааруулах шаардлага гарч байна.

Ийм нөхцөлд Зүүн хойд Азид энх тайван, хөгжил цэцэглэлт болон Солонгосын нэгдлийг дэмжих зорилго бүхий “Монголын Форум” хэмээх олон улсын төрийн бус болон судалгааны байгууллагуудын онол, практикийн форум 5 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 20-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулав.


Форумын өмнө төлөөлөгчид “зангиагүй” буюу албан бусаар зөвлөлдөж, харилцааны нарийн түвэгтэй асуудлууд, тэдгээрт хэрхэн хандах талаар илэн далангүй ярилцах боломж гаргадаг нь форумд оролцогчид нэгдсэн ойлголтод хүрэхэд маш дөхөм болдог онцлогтой.


Хуралд оролцогчид хоёр Солонгосын бодлого, байр суурийг ойртуулахад гарч буй бэрхшээл, үл итгэлцэх уур амьсгалыг хэрхэн намжаах, түүнд олон улсын ТББ-ууд хэрхэн дөхөм үзүүлж болох талаар ярилцлаа. Мөн бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголд жуулчидыг хэрхэн татах, Монголын шилжилтийн эдийн засгийн сургамжийн талаар ярилцаж, форумд цаашид залуучуудыг өргөнөөр оролцуулах, бусад арга хэмжээнд хэрхэн татан хамруулах талаар хэлэлцсэн юм.


Форумыг зохион байгуулагчид гадаадын оролцогчдод зориулж тус улсын гадаад бодлогын талаар тусгайлан мэдээлэл хийлээ. “Их 20”-ийн дээд хэмжээний хуралд зориулж 4 дүгээр сард болсон Их 20-ийн ТББ-уудаас гаргасан Шинэ Делийн тунхаглалд Монгол Улсын цөлжилттэй тэмцэх бодлогыг дэмжсэн тул асуудлыг цаашид ТББ-уудын хэмжээнд хэрхэн хэлэлцэж дэмжих талаар ярилцав. Хуралд оролцогчид ноднин жилийн адил мод тарилаа.


Форумын ажиллагаанд Монгол Улсын ТББ-уудаас гадна АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Малайз, Балба, Энэтхэг, Японы ТББ-ын төлөөлөгчид, нийтдээ 40 гаруй төлөөлөгчдөөс гадна БНСУ-ын Корёо, Ёнсэй, Чүннам их сургуулийн оюутнуудын төлөөлөл болон ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ-аас ёс зүйтэй нийгмийн энтерпройнершип хуралдаанд илтгэл тавих энтерпройнерууд, мөн сайн дурынхан оролцсон юм.


Хурлыг “Дэлхийн энхийн сан”, Цэнхэр сүлд ТББ, Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, БНСУ-ын “Азийн хүрээлэн”, “Аялал жуулчлалаар дамжуулан Энх тайвныг тогтоох олон улсын хүрээлэн” зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ