ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг ИТХ-д өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-20 12:37:29

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчийг нөхөн сонгох сонгууль 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Өвөрхангай аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-ын 34 дүгээр тойрог, Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулав.


Аймгийн ИТХ-ын 34 дүгээр тойргийн нөхөн сонгуульд нийт 1947 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 33.7 хувийн ирцтэйгээр 657 сонгогч санал өгч, Монгол Ардын намаас  нэр дэвшсэн Т.Гантуяа нийт санал өгсөн сонгогчдын 86,7 хувь буюу 570 сонгогчийн санал, Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас нэр дэвшсэн Б.Ууганбаяр 12.18 хувь буюу 80 сонгогчийн саналыг тус тус авчээ. 



Мөн Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуульд 488 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 57.79 хувийн ирцтэйгээр 282 сонгогч санал өгч, Монгол Ардын намаас нэр дэвшигч А.Сайнбилэг 44.68 хувь буюу 126 санал, бие даан нэр дэвшигч Д.Оюунгэрэл 54.26 хувь буюу 153 сонгогчийн саналыг тус тус авсан байна.


Аймгийн сонгуулийн хорооны 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 34 дүгээр тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Т.Гантуяаг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр, Хархорин сумын ИТХ-ын 6 дугаар тойргийн нөхөн сонгуульд хамгийн олон санал авсан Д.Оюунгэрэлийг Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, аймаг, сумын ИТХ-д өргөн бариад байна. 

Холбоотой мэдээ