Зүүн хойд Ази дахь эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих бүс нутгийн семинар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-13 19:53:22
@ShoovdorBatbold
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газар болон Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх сүлжээтэй хамтран энэ 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд “Зүүн хойд Ази дахь Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг дэмжих нь” сэдэвт Зүүн хойд Азийн бүс нутгийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх 1325 дугаар тогтоол” болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжих, 1325 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх зорилготой энэхүү семинарт бүс нутгийн орнуудын төр болон судалгааны байгууллагын холбогдох төлөөлөл оролцлоо.


ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай уг семинарыг нээж хэлсэн үгэндээ, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг нэг болохыг тэмдэглээд Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр нь ихээхэн хамааралтай болохыг онцолсон юм.


Тэрбээр цааш хэлэхдээ, Монгол Улсын санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь бүс нутгийн  аюулгүй байдлын асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд чиглэсэн болохыг тэмдэглээд 8 дугаар бага хурлыг энэ 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулахыг мэдээлэв.


Түүнчлэн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр гүнзгийрүүлэн хэлэлцэхийг тэмдэглэв.


Оролцогчид эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийн оролцоо ба төлөөлөл, урьдчилан сэргийлэх, хамгаалах, тусламж үзүүлэх болон нөхөн сэргээх хэмээх тулгуур тус бүрээр олсон ололт амжилтууд, энэ чиглэлийн бодлого боловсруулах, Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн туршлага сургамжаа хуваалцаж, эдгээрт эмэгтэйчүүдийн төдийгүй олон нийт, холбогдох талуудын оролцоог дэмжих, татан оролцуулах, санал, санаачлагуудыг өөр хооронд нь үр дүнтэй уялдуулах зэрэг асуудлыг хөндсөн сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ.


Ташрамд дурдахад, НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газраас “Зүүн хойд Ази дахь Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг өмнө БНХАУ-ын Бээжин хотноо 2018 болон 2019 онд тус тус зохион байгуулж байв. Мөн тус байгууллага нь Монгол Улсын санаачилгаар зохион байгуулдаг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд тогтмол оролцдог төдийгүй тус бага хурлын хүрээнд 2019 оноос хойш “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байгаа билээ.

Холбоотой мэдээ