Номын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-12 11:56:32

Монгол Улсад орчин цагийн номын сан үүссэний 95 жил, Увс аймагт номын сан байгуулагдсаны 80 жил, эдүгээ 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл урлагийн байгууллагын ажилтны өдөр, “Номын баяр”-ын арга хэмжээ энэ сарын 9-ний өдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо.

Энэхүү арга хэмжээнд Увс аймгийн урлаг соёлын ажилтнууд, аймгийн Төв номын сангийн болон сумдын номын санчид, "Ойрад" театрын уран бүтээлчид, зохиолч, яруу найрагч, сэтгүүлчид оролцлоо. Энэ үеэр Хилийн цэргийн 0245-р ангийн Хөгжмийн салааныхан үлээвэр хөгжим тоглож, Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд ном хуран, Цогцолбор сургуулиудын авъяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүллээ.

Тус арга хэмжээнд Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцож, номтой нөхөрлөхийн ач тусын талаар хүүхэд залуучуудад таниулан ярилаа.

“Номын баяр”-ын өдрөөр номын болон уран бүтээлийн үзэсгэлэн гарч, аймгийн Төв номын санд ном бэлэглэх, хандивлах, азтан тодруулах зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ