Хойд туйлын бүсэд 30 жил амьдарсан монгол эрдэмтэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-06-07 15:55:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологийн шинжлэх ухааны доктор, анагаах ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Баасансүрэн олон жилийн нөр их хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн харуулсан “Саха Якутад зэрлэг цаа судлал, уламжлалт анагаах ухаанаар ажилласан 30 жил” үзэсгэлэнгээ "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр нээлээ.


Тэрбээр мэргэжлийнхээ дагуу 1981 оноос эхлэн Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт 42 жил ажилласан бөгөөд сүүлийн 30 жилд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсад Монгол Улсын ШУА-ийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй юм.


Доктор Б.Баасансүрэн хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, зарим эрхтэнийг судалж, шинэ эм эмийн бэлдмэл бий болгон хүн зоны өвчин эмгэгийг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэсэн нь ихээхэн амжилт олоод байгаа юм. Тухайлбал, чөмөг хөрөх өвчний улмаас хүүхэд олж, тээж төрүүлэх чадваргүй болсон хүмүүсийг эмчилж 170 гаруй хүүхэд төрүүлсэн нь Якутаар зогсохгүй Орос, Австри, Канад, Герман, Япон, Хятад, Солонгос зэрэг дэлхийн олон оронд эрүүл энх өсөн бойжиж байгаа аж. Түүний энэхүү амжилтыг үнэлж ОХУ-ын хөдөө аж ахуйн академийн Алс дорнодын доктор, профессор цолыг олгожээ.


Эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа үр дүнгээр 2000 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухаанаар докторын зэрэг олгох эрдмийн зөвлөлийн хурлаар “Цаа бугын эврийг Монгол шар тостой хольж төөнө хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалсан нь” сэдвээр анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалжээ. Түүний энэ судалгааны ажлын үр дүнгээр цааны эврэн шар тосон төөнө хүйснээс доош байрлалтай “хий” хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй болох нь нотлогдсон байна.


Мөн 2003 онд Монгол Улсын ШУА-ийн биологийн салбарын бага чуулганы дэргэдэх биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлөөр “Цаа бугын зарим эрхтэний бүтэц, макро-микро элементийн бүрдэл, тосны хүчлийн найрлагын судалгаа” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалжээ. Энэхүү ажлаараа цаа бугын орооны булчирхайг дорно дахины анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж үр дүнг бодитойгоор гаргасан аж.


Олон орны эрдэмтэдтэй хамтарч Якутын зэрлэг цааг анатоми, морфологи, физиологийн талаас нь гүнзгийрүүлэн судалсан тэрбээр эх орондоо гурав дахь удаагаа үзэсгэлэнгээ гаргаж буй юм.


Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр доктор Б.Баасансүрэн хэлэхдээ, “Монголын гурван сая гаруй хүмүүсийн төлөөлөл болон эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эрдэмтэн болоход ард түмэн минь их туслалцаа үзүүлсэн. Цаа бугын судалгаанд хаях зүйл байхгүй. Цааны бааснаас эхлээд бүх эд эрхтнийг эмчилгээнд хэрэглэдэг.  Баасаар нь хүртэл төөнө эмчилгээ хийж, олон ном бүтээл гаргаж хойд үедээ эрдэм шинжилгээний гарын авлага болгон үлдээж байгаадаа баяртай явдаг” хэмээв.


Монгол Улсын гавьяат багш Ж.Баасандамба, “Б.Баасансүрэн сургуулиа төгсөн уламжлалт ухааны эмгүй эмчилгээг түлхүү судалж, Төвөдөд хамаатан садангаараа явж багагүй мэдлэг хуримтлуулсан. Хүний амьдралд зэрлэг цаа буга ямар ач холбогдолтой талаар судлан 57 боть ном гаргажээ. Мөн үүгээрээ ЗХУ-ын шинжлэх ухаанд асар том гавьяа байгуулсан бүтээлүүд гаргаж олон хүнийг эмчилсэн” хэмээв.


Доктор Б.Баасансүрэн үзэсгэлэндээ цаа буга хэмээх амьтны амьдрал, экологийн түүхэн гүн гүнзгий уялдааг судалсан баримт, он дараалал мөн тундарт амьдарч байсан урц, тэсгим хүйтэнд өмсч ирсэн хувцас, эдлэл хэрэгсэлээ дэлгэн үзүүлжээ. Энэхүү үзэсгэлэнгээс Саха-Якутын зэрлэг цаа буганы арьс үс түүний дайврын бүтэц, эрхтэний морфологи, физилоги, биологи, макро-микро элементийн бүрдэл, тосны хүчний найрлага зэрэг цаатай холбоотой бүтээлтэй танилцах боломжтой. Түүнчлэн эрдмийн бүтээлүүд буюу 57 ном, олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүд, эзэмшсэн диплом, Монголын уламжлалт ухааны төөнө эмчилгээний үндэслэл хийгээд хөгжүүлж ирсэн баримт, монгол шар тосны химийн найрлага тодорхойлсон бүтээлд тулгуурласан эвэр, шар тосон төөний эмчилгээний нөлөөг харуулсан судалгааг танилцуулж байна.


Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

А.Мичидмаа




















Холбоотой мэдээ