Экспортын орлогыг 2 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 09:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын экспортын орлого өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.доллар байсныг ирэх онд 14.1 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна.


Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний бодлогын тэргүүлэх чиглэл болох “Экспортыг нэмэгдүүлэх” хүрээнд төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмж, нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээг 6 сая баррельд хүргэхийг зорьж байгаа.


Нийт экспортын ачааны 90 гаруй хувийг 3 боомтоор, импортын ачааны 93.2 хувийг 2 боомтоор хийж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчилж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлэх юм.

Түүнчлэн, нийт экспортын 90.2 хувийг түүхийгээр гаргаж байгаа тул хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхийг ЭЗХЯ мэдээлэв.


Цар тахлын өмнөх үеийнхээс мах, махан бүтээгдэхүүний экспорт 4 дахин буураад байгаа учир мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тоннд хүргэхээр төлөвлөжээ. Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа өнгөрсөн онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх замаар 72 цаг болгож бууруулна. Эдгээр зорилтын хүрээнд 2.7 их наяд төгрөгийн 23 төсөл үйл ажиллагаа төлөвлөөд байгаа аж. 






Холбоотой мэдээ