Монголын инновацын бүтээгдэхүүнүүд экспортод гарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-05 16:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инновацын түншлэл форум-2023” өнөөдөр болж, монгол эрдэмтэн, судлаач, инженерүүдийн бүтээсэн инновац шингэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнийг дэлгэв.



Үүнд, “Монпеллетс” компанийн хонины ноосон бордоо, “STS foods”-ын дотоодын хэрэглэгч нарт хэдийнэ танил болоод буй үхрийн булууны “Янзтай” ясны шөл, “Ehlel” брэндийн цахилгаан хэрэгсэл зэрэг орж байна. Тодруулбал, “Монпеллетс” компани Герман улсад гаргаж буй хонины ноосон бордоогоо АНУ-д экспортлох болсноор гадаад дахь зах зээлээ тэлж байгаа бол “Янзтай” ясны шөл анх удаа экспортод гарч эхэлжээ.


Ясны “Янзтай” шөл анх удаа экспортод гарах бол “Монпеллетс”-ын хонины ноосон бордоог Германаас гадна АНУ-д экспортлох болжээ.



STS foods”-ын менежер Г.Бат-Очир, манай компани 2017 онд байгуулагдсан. 2021 онд гарааны статустай компани болон өөрчлөгдсөн. Өнөөдөр 6 нэр төрлийн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна хэмээн мэдээллээ. Тус компани олон улсын ISO 9001 болон НАСАП стандартуудыг нэвтрүүлснээр эхний экспортоо ирэх 9 дүгээр сараас БНСУ-д, дараагийн экспортоо ОХУ-ын Буриад улсад хийх гэж буй аж.


Г.Бат-Очир: Инновацын хуулийн хүрээнд гарааны статусаа компанийн гэрчилгээнийхээ урд оруулж авах нь татварын болон олон талын хөнгөлөлтөд хамрагдаж, үйл ажиллагаагаа сурталчлах давуу талын баталгаатай, чухал ач холбогдолтой.


Олон улсын бүтээмжийг дээшлүүлэх төвийн шугамаар Вьетнам, Филиппин улсууд тус компанийн бүтээгдэхүүнийг авах сонирхлоо илэрхийлснээр хоёр талуудын хамтын ажиллагаа эхлээд байна.


Үзэсгэлэнгийн үеэр мөн ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны био увидас” компани байгальд ээлтэй хөрс бэлтгэж Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг боловсруулж буй технологийн шийдлээ, “Sevshee” компани үндэсний инженерүүдийн бүтээсэн, дотооддоо агаар сэлгэгч аппаратур үйлдвэрлэж байгаа зэргээ тус тус танилцуулсан юм. 


Холбоотой мэдээ