АРХАНГАЙ: Бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 4.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-05 11:22:14

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны 4 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.1 хувь,  өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд  13.3  хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 4.3 хувиар тус тус өсжээ.


Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 315 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 119 (37.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж, 9 (2.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 187 (59.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг аймгийн Статистикийн хэлтэс мэдээлж байна.


Тухайлбал өмнөх сараас хонь, адуу, үхрийн мах, өндөг, савласан сүү, байхуу цай, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр барбарис, ноосон цамц, ундаа, сорочкан цамц, өтгөрүүлсэн сүү, оймс, эм, шүдний оо, нийтийн халуун усны төлбөр, далайн байцаа, будаа агшаагч зэргийн үнэ 0.2-37.0 хувиар өссөн байна.


Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10 (3.2%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 198 (62.9%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсөж, 107 (33.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа аж.


Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс хонины ястай мах, үзэм, улаан лооль, тараг, амтат чинжүү, лууван, өргөст хэмх, хүүхдийн будаа зэргийн үнэ 0.4 – 49.4 хувиар буурсан бол адууны мах, ундаа, шар алим, зайрмаг, сонгино, цагаан будаа, хоол амтлагч, хатуу чихэр, масло, сүү савласан, пиво, гурил, чипс, далайн байцаа, хорхой ааруул, алаг салат, цэвэр ус, дарс, байхуу цай, зөөлөн чихэр, ямааны мах, өөхөн тос, манжин, ёотон, хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, цемент, гэрийн гадуур бүрээс, парацетамол, сорочкан цамц, оймс, хавар намрын куртка, эрээн даавуу, даавуун цамц, нийтийн халуун ус, хүүхдийн жинсэн өмд зэрэг барааны үнэ 0.5 - 194.2 хувиар нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ