ДАРХАН-УУЛ: Дархан хайрхныг 15 дахь жилдээ тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-05 10:51:50

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хайрхны тахилга  зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр боллоо. Хайрхны тахилгыг аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын гол сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн тахилгыг аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаас гарсан тогтоолын дагуу тайх ёслолыг зохион байгууллаа.

15 дахь жилдээ зохион байгуулж буй Дархан хайрхны тахилгад орон нутгийн удирдлагуудаас гадна иргэд, сүсэгтэн олон оролцлоо. Тахилгат Дархан хайрхан Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм.

Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дархан хайрхан уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тахиж байхаар шийдвэрлэж хайрхнаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш жил бүр тайж байгаа нь энэ юм.

Ташрамд, тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа Их Дархан, Бага Дархан гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн түвшнээс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.

Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.

Холбоотой мэдээ