М.Энхболд: Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн чухал шийдвэрүүдийг гаргасан
МОНГОЛЫН МЭДЭЭӨнгөрсөн сарын 25-нд эхэлж нийт 12 хоног чуулсан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр үйл ажиллагаагаа хаалаа.
Ээлжит бус чуулганы ажиллагааг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа гэдгийг тэмдэглээд УИХ-аас батлан гаргасан хууль, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох явдал юу юунаас илүү чухал байна. Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгааг Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд, олон улсын байгууллагын шинжээчид төдийгүй ард иргэд хүртэл дүгнэн хэлж байна. Эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээл, төсөв санхүүгийн байдлыг сум, баг, хорооны түвшинд ард иргэдтэй нүүр тулан уулзахдаа бодит байдлаар, үнэн зөвөөр, улстөржүүлэлгүйгээр тайлбарлан таниулахыг гишүүдээс хүслээ.
Мөн үүссэн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулж, тогтворжуулах, хөгжлийн гарцуудыг бий болгохын төлөөх амаргүй бэрхшээлтэй хэрнээ уйгагүй хичээл, нөр хөдөлмөр шаардсан ажлыг амжилттай шийдвэрлэж, үр дүнд хүргэхэд ард түмний маань эх орноо гэсэн ухамсар, итгэл, зүтгэл шийдвэрлэх хүчин зүйлийн нэг байх нь дамжиггүй бөгөөд бид хамтдаа тавьсан зорилгодоо амжилттай хүрнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.