Хөгжлийн банк: Биржийн бус зах зээлээс 75.0 сая ам.доллартой тэнцэх эх үүсвэр татан төвлөрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-30 13:51:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк ТУЗ-ийн энэ оны 4 дүгээр сарын 24-ний 22 дугаар тогтоолын дагуу биржийн бус зах зээлд хаалттай бонд гаргах замаар гадаадын хөрөнгө оруулагчдаас 75.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлээд байна 


Тодруулбал, Лондон хотод бүртгэлтэй Мопане Секьюритис ХХК-тай энэ оны 5 дугаар сарын 12-нд гэрээ байгуулан, дээрх эх үүсвэрийг татан төвлөрүүлжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлгүй буюу төгрөгийн үнэт цаас арилжаалах замаар хөрөнгө оруулалт татсан нь Хөгжлийн банкны эх үүсвэрийг төрөлжүүлэх, гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа аж.


500 сая ам.долларын “Ди Би Эм” бондоос 99.7 сая ам.долларыг эргүүлэн худалдаж авав.


Монгол Улсын Хөгжлийн банк 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй “Евро” бонд буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй бие даан олон улсын зах зээлд гаргасан юм. Тус бонд нь Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд олон улсын зах зээлд нээлттэй арилждаг.


Хөгжлийн банканд зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор ТУЗ-ийн 2022 оны 52 дугаар тогтоол, энэ оны 3 дугаар тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүр хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк 2022 оны 10 дугаар сараас хойш тус бондыг хэсэгчлэн буцаан худалдан авах ажлыг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд банк нийт 99.7 сая ам.долларын нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон. Ингэснээр “Ди Би Эм 2023” бондын үлдэгдэл 500 сая ам.доллароос эргэн төлөх дүн буурч 400.2 сая ам.доллар болоод байна.


Хөгжлийн банк нь 100.0 ам.долларын нэрлэсэн үнэтэй “Ди Би Эм 2023” бондыг хугацаанаас нь өмнө 92.4 ам.долларын жигнэсэн дундаж үнэ дээр худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 13.8 сая ам.доллар хэмнэж байна. Тодруулбал, “Ди Би Эм 2023” бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл үндсэн дүнгээс 7.54 сая ам.доллар, хүүгийн зардлаас 6.34 сая ам.долларыг хэмнээд байна.

Холбоотой мэдээ