Агаарын шоуны үеэр Улаанбаатар хотыг тойрч 30 минут нисэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-26 14:49:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нисэх хүчний 98, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ойг угтан тус нисэх буудлын гадна талбайд “BU Airshow” болж байна.


Батлан хамгаалах яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд зочлох жил”-ийн хүрээнд тус шоуг "Буянт-Ухаа" нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст хоёр өдрийн турш зохион байгуулж байгаа юм. 


Шоуны үеэр ОБЕГ-ын агаараас аврах, эрэн хайх багийн 111 дүгээр ангийнхан осолд өртөн, гамшигт нэрвэгдэгсдийг эрэн хайх, гал унтраах, эмнэлгийн тусламж үзүүлэхдээ 20 метрийн өндрөөс татан аврах ажиллагааг MT111, S145 нисдэг тэргээр сонирхууллаа. Энд агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, шүхрийн үзүүлбэр, парад, өндрөөс эрэн, хайх ажиллагааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байна.


Эдгээрээс байлдааны “МиГ-29” сөнөөгч онгоцны үзүүлбэр хамгийн үзүүштэй, сонирхол татахаар юм. Манай улс “МиГ-29 төрлийн онгоцыг 2018 онд авч байжээ. Одоогоор 6 ширхэг байдаг тус онгоцны дээд хурд нь 2450 км/цаг, нислэгийн өндөржилт нь 18,013 метр. Мөн ОБЕГ-ын 15 шүхэрчин үзүүлбэр үзүүлэхээс гадна нисэхийн салбарын мэргэжил сурталчлан таниулах, нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, ЖДҮ-ийн үзэсгэлэн худалдаа, хүүхдийн тоглоомын хэсэг, нисэхийн музей үзэж сонирхож болно. Үзэсгэлэнд БНСУ-ын нисэхийн чиглэлийн “FAR EAST”, “Hanseo” их сургууль оролцон, хөтөлбөрөө танилцуулж байлаа. 


Буянт-Ухаа нисэх буудлын хөөрөх талбайд том, жижиг загварын 20 төрлийн онгоц танилцуулж, хүүхэд, залууст хөлөгт сууж үзэн, зургаа авахуулах боломж олгож байлаа. Түүнчлэн шоунд оролцогчид Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэг, бага оврын агаарын хөлгөөр Буянт-Ухаа орчимд нислэг үйлдэх боломжтой юм. 


Нислэгийн төвийн захирал А.Александраас нислэгийн талаар тодруулахад, “Цонжин болдогт байрладаг Нислэгийн төв Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний ойд зориулсан баярын үйл ажиллагааг жил бүр дэмжиж оролцдог. Сургагч, нисгэгч бэлтгэхээс гадна танилцуулах нислэг үйлддэг. Агаарын шоуны үеэр нисгэгч бэлтгэх сургалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна сонирхсон хүмүүст манай нисгэгч бага оврын хөлгөөрөө танилцуулах нислэг хийнэ. Jara copter нь хурдны, тансаг зэрэглэлийн, сургалтын гэх зэрэг маш олон янзын загвар байдаг. Манайх 5 хөлгийг талбайд авчирсантай биечлэн танилцаж болно. Буянт-Ухаагийн талбайд 24 км тойрогт 12 минутын нислэг хийж болно. Төлбөр нь 170 мянган төгрөг” гэлээ. 


Агаарын шоу хоёр хэсгээс бүрдэж байгаа. Өдрийн 11.00-17.00 цаг хүртэл нисэхийн шоу, гэр бүл, хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагаа болох бол, орой 17.00-24.00 цаг хүртэл БНСУ-ын Топ-10 гэж нэрлэгддэг DJ болон Монголын хип хопчид, хамтлаг дуучид, репперүүд оролцсон хөгжмийн фестиваль болох юм. Өнөөдөр ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу 10.00-23.00 цаг хүртэл цаг тутам автобус үнэгүй үйлчилж байна. Харгалзах хүнтэй 0-12 насны хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг өдрийн тасалбар 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянган төгрөг. Хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах болон бусад сугалаатай.


“BU Airshow” маргааш үргэлжилнэ. 




Холбоотой мэдээ