ӨВӨРХАНГАЙ: Уянга сумыг инженерийн дэд бүтцэд холбох ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-26 06:30:25

Уянга /МОНЦАМЭ/. Уянга суманд улсын төсвийн 6.4 тэрбум төгрөгийн өртгөөр 4 мянга гаруй метр дулааны болон цэвэр усны шугам, 1800 гаруй метр бохир усны шугамыг тавих ажил эхэллээ.

Уянга сум 10 мянга орчим хүн амтайгаас 3 мянга гаруй нь сумын төвдөө амьдардаг. “Шинэ сум” төсөл тус суманд хэрэгжсэнээр иргэд орон нутагтаа тав тухтай амьдрах, орон сууц, барилга, байгууламж, үйлдвэр олноор барих, түүнийг дагасан ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ.


“УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр 2022 оны улсын төсөвт 17.2 тэрбум төгрөгийн төсвийг суулгаж, Бат-Өлзий, Хужирт, Уянга сумыг инженерийн шугам сүлжээнд холбож байна. Одоогоор манай аймгийн 8 сум нэгдсэн халаалт, цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдоод байгаа. Цаашид үлдсэн сумдаа холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.



Холбоотой мэдээ