ДУНДГОВЬ: “Ирээдүйн инженерүүд” улсын олимпиадад түрүүлсэн сурагчид бүтээлээ танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-25 14:04:26
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадад эхний байр эзэлсэн сурагчид бүтээлээ танилцууллаа.

Тодруулбал, 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулсан ШУТИС-ийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд” улсын анхдугаар олимпиадад Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Шинэпүрэв түрүүлж, Б.Долгормаа, Б.Баяржавхлан нар гуравдугаар байрт шалгарсан юм. Сурагчид ШУТИС-д элсэн суралцах урилга хүлээн авч, нэг жилийн сургалтын төлбөрийг хөнгөлүүлэх эрхээр шагнуулжээ.



“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад нь Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан, өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх зорилготой аж.

Тус олимпиад 3 үе шаттай явагдаж, эхний шатанд байгалийн ухааны хичээлүүдээр онолын мэдлэг сорих шалгалт өгч, тэнцсэн сурагчид термометр буюу температур хэмжих, гэрэл асаах зориулалттай батарей хийх даалгавар гүйцэтгэжээ.

Улсын олимпиадад түрүүлсэн Э.Шинэпүрэв сэргээгдэх эрчим хүчний инженер болох бол, 3 дугаар байрт шалгарсан Б.Баяржавхлан барилгын инженер,  Б.Долгормаа Электроникийн инженер болох мөрөөдөлтэй гэдгээ танилцууллаа.   

Сурагчдыг тус олимпиадад Мандал сургуулийн багш М.Должинсүрэн, Б.Урантогос нар бэлтгэжээ. 











Холбоотой мэдээ