ДУНДГОВЬ: Засаг дарга Ц.Мөнхбат 7 суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-23 15:13:49
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат холбогдох байгууллагуудын албан хаагчид, нарийн мэргэжлийн эмч нарын хамт 7 суманд ажиллалаа. Тодруулбал, энэ сарын 15-22-нд Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт суманд "Иргэдээ сонсьё-2023" уулзалт, өдөрлөг зохион байгуулж, төрийн зарим үйлчилгээг сумын иргэдэд үзүүлжээ.

Энэ үйл ажиллагаа нь сумын төрийн албан хаагчдын ажиллаж буй орчин, нөхцөл, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, сумын иргэдийн болон малчдын амьдрал ахуй, нөхцөл байдлыг судлах, тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилготой юм.

“Иргэдээ сонсъё” уулзалтад сум бүрд 100-гаас дээш иргэн оролцон мэдээлэл авч, асуулт хариулт өрнүүлэн, санал солилцсон төдийгүй иргэд сум орон нутгийнхаа нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар өөрсдийн саналыг хэлжээ.

Сум бүрд шийдвэрлэх асуудал бий. Тухайлбал, хүний нөөцийн хангалт, сумын тохижилт, сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилгын засвар, замын засвар, арчилгаа, төрийн албан хаагчдыг сургах, хөгжүүлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд байгааг иргэд хэлсэн байна.

Аймгийн Засаг даргын зүгээс сумын Засаг даргын нөөц хөрөнгө 3.0 сая төгрөг байсныг нэмэгдүүлж, Эрдэнэдалай, Сайнцагаан суманд 20.0 сая, бусад 13 суманд 10.0 сая төгрөг болгосныг энэ үеэр танилцуулсан бөгөөд зарим үйл ажиллагааны зардлыг сумын ОНХС-ийн хөрөнгөөр хууль журмын дагуу шийдвэрлэхийг чиглэл болгожээ.


May be an image of 3 people

Тэрбээр 7 сумын 30 багийн Засаг даргад тус бүр мотоцикл, зөөврийн компьютер, зарим сумын ЗДТГ, санхүүгийн албанд суурин болон зөөврийн компьютер, сканнер, принтер зэрэг тоног төхөөрөмж олгохоор болж, 4 суманд ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгах,  Сайхан-Овоо сумын сургуулийн үдийн цайны ширээ, сандал худалдан авах, хими биологийн танхимыг тохижуулах, тус сумаас Глобал удирдагч дээд сургуульд суралцаж буй 2 багшийг тэтгэлэгт хамруулан сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, Эрдэнэдалай сумын Соёлын төвд LED дэлгэц олгох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. Мөн Луус, Адаацаг сумын цахим мэдээллийн сайттай болох асуудлыг шийдвэрлэж, Дэлгэрцогт сумын Соёлын төвийг тохижуулах болон сумын төвийн 2,5 км авто замын зураг төсвийг хийлгэх ажлыг  дэмжихээр болжээ.

Түүнчлэн Сайхан-Овоо сумын агааржуулалт, халуун усны хуучин барилга, тус сумын ногоон байгууламж, Дэлгэрхангай сумын сургуулийн дотуур байр зэрэг хэд хэдэн газраар орж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус өдөрлөгөөр 7 суманд 18-30 насны эрт илрүүлэгт хамруулах, сүрьеэгийн сорил авах, эхо оношилгоо, цээжний рентген зураг, уламжлалт, дотор, хүүхэд, эмэгтэйчүүдийн үзлэг хийх үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн тус үзлэг оношилгоонд 1200 гаруй иргэнийг хамруулжээ.


May be an image of 2 people and hospital

Мөн энэ үеэр ГХБХБГ, Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ зэрэг байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох, шинээр газар өмчлөх, газар эзэмших эрх шилжүүлэх, шинээр газар эзэмших эрхийг баталгаажуулах, газар өвлөх эрхээр шилжүүлэх, кадастрын зураг хийлгэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулах, тоон гарын үсэг  олгох, гадаад паспорт захиалах зэрэг үйлчилгээ үзүүлсэн байна.

Иргэд "ХУРДАН" төрийн цахим үйлчилгээний талаар зөвлөгөө авч, өөрсдөө ашиглан үйлчлүүлсэн бөгөөд нийт 1800 гаруй иргэн аймагт ирж шийдвэрлүүлдэг төрийн үйлчилгээг орон нутагтаа авсан юм. 


May be an image of 8 people, people studying, television, newsroom and text

Холбоотой мэдээ